Шинээр баригдсан 17 сургуулийн тулгамдсан асуудлыг есдүгээр сарын 5-ны дотор шийдвэрлэх үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2025-08-23 18:29:07
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.23/ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой танилцлаа.


Нийслэлийн хэмжээнд анги танхим нь ширээ, сандалгүй 17 шинэ сургууль байна. Түүний нэг нь Хан-Уул дүүргийн 16-р хорооны 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор юм. Барилгын ажил нь энэ онд дууссан ч ширээ, сандал, тавилга хэрэгсэлгүйн улмаас есдүгээр сард хүүхдүүдээ авч чадахгүйд хүрээд буй аж.


Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын яам, нийслэлийн удирдлагуудад үүрэг өгч, тус цогцолборын үйл ажиллагааг есдүгээр сарын 01-нд эхлүүлэхийг даалгав. Ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яаманд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.


Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ, сандал, тавилга хэрэгсэлгүй байгаа 17 шинэ сургууль есдүгээр сарын 5-ны дотор хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байна.





Холбоотой мэдээ