Монгол математикчдын судалгаа компьютерын тооцооллын хурдыг нэмэгдүүлж, нарийвчлалыг сайжруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-15 12:14:35

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол математикчдын бүтээл дэлхийн шилдэг хэвлэлийн газар Springer Nature-т хэвлэгджээ. Тус бүтээлийг томоохон тооцоолол шаарддаг, тухайлбал, уул уурхай, цаг уур, эдийн засаг зэрэг салбар дахь математик загварын тооцоолол хийхэд ашиглах боломжтой юм.


Монголын математик, физикийн эрдэмтдийн бүтээлийг дэлхийн шинжлэх ухаан үнэлж, практикт ашиглаж байна. ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, тус хүрээлэнгийн болон ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн проректор, доктор, профессор В.Өлзийбаяр нарын хамтарсан “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” бүтээл математикийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж, дэлхийн олон орны эрдэмтэд тэдний бүтээлээс эш татан ашиглаж буй.


Шугаман бус тэгшитгэл, түүний системийг бодох итерацын аргын шинэ цогц онол боловсруулсан монгол эрдэмтдийн бүтээлийг 2024 онд “Springer Nature” хэвлэлийн газарт хэвлэснийг олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 159 номын санд байршуулжээ. Мөн ердийн болон тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоо бодох өндөр эрэмбийн нийлэлттэй ялгаварт схем, төгсгөлөг элементийн шинэ аргуудыг байгуулсан бүтээлийг маань "Springer Nature" хэвлэлийн газарт хэвлэж, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 84 номын санд байршуулжээ.


Тус багийнхны нийтлүүлсэн 106 өгүүллээс нийт 1043 удаа эш татсан гэсэн үзүүлэлт бий. Мөн эдгээр номууд 10 орчим удаа эшлэгдсэн байна. 

Тэдний боловсруулсан өндөр эрэмбийн нийлэлттэй олон алхамт арга, алгоритмууд нь ихээхэн хэмжээний өгөгдөл бүхий ерөнхий хэлбэртэй томоохон алгебрын болон тухайн уламжлалт тэгшитгэлүүдийн системийг бодож тоон шийдийг олоход чиглэжээ. Цаг уур, далай судлалын сар, жилээр боловсруулсан өгөгдөлд прогноз хийх, бусад салбарын туршилтын үр дүнгээр тасралтгүй загвар, муруй гадаргуу байгуулах зэрэгт тэдний байгуулсан локал сплайныг маш үр ашигтай ашиглаж болох аж. Энэ арга, алгоритмууд нь компьютерын тооцооллын хурдыг нэмэгдүүлж, бодох хугацааг эрс багасгахаас гадна нарийвчлалыг сайжруулж буйгаараа үр өгөөжтэй юм. 

Монголын математикчдын судалгаа нь онол төдийгүй практик хэрэглээтэй бөгөөд компьютерын тооцооллын хурд нэмэгдэж, бодох хугацаа богиносож, нарийвчлал нь сайжрах бодит үр дүнг авчирчээ.



 

 

Холбоотой мэдээ