ERAM пуужинг Украинд нийлүүлэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-24 15:18:32

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 24 /DW/. “Агаар-газар” ангиллын 3350 ширхэг ERAM пуужинг Киевт нийлүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа дэмжсэнээр эдгээр пуужинг 6 долоон хоногийн дотор Украинд тээвэрлэн авчрах ажээ. Энэ тухай өчигдөр The Wall Street Journal сонинд мэдээлсэн байна.


ERAM пуужинг багтаасан багц зэвсгүүдийн үнийн дүн нь 850 сая доллар болж байгаа бөгөөд Европын улсууд төлбөрийг хийх ажээ. Д.Трамп Орос, Украины ерөнхийлөгч нартай уулзахаас өмнө дээрх зэвсгийг Украинд нийлүүлэхийг түр хойшлуулж байв. ERAM гэдэг нь Extended Range Attack Munition гэсэн үгсийн товчлол юм. 


Америкийн зарим албаны хүмүүсийн ярьснаар, 240-450 км-ийн тусгалтай ERAM пуужинг хэрэглэх зөвшөөрлийг Украины тал Пентагоноос авах ёстой ажээ. “Агаар-газар” ангиллын энэхүү пуужингаар газар дээрх болон тэнгис дэх байнуудыг устгах боломжтой.


WSJ сонинд бичсэнээр, Ерөнхийлөгч Жо Байдены үед буюу 2023 онд ATACMS пуужинг Украинд нийлүүлсэн боловч уг пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг хориглосон байсан юм. Харин 2024 оны намар Умард Солонгосын цэргүүд байлдааны ажиллагаанд оролцох болсны дараа уг хоригийг цуцалсан байна. Үүний дараа энэ оны хавар дахиад хоригложээ. Одоо Украинд цөөн тооны ATACMS пуужин үлдсэн байна.

 

Холбоотой мэдээ