Израилтай холбоотой асуудлаас үүдэн Нидерландын сайдууд огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АМСТЕРДАМ, 2025 оны наймдугаар сарын 23/DW/. Төвч үзэл баримтлалтай “Нийгмийн шинэ гэрээ” /NSC/ намыг засгийн газарт төлөөлж буй Нидерландын Гадаад харилцааны сайд Каспар Велдкамп Израилын эсрэг хориг арга хэмжээ авах тухай маргаанаас үүдэн огцрох өргөдлөө өгчээ. Энэ тухай тэрбээр баасан гарагт ANP агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Мөн Велдкампын жишээг даган, түүний
намаас томилогдсон сайд нар бүгд огцорно гэдгээ мэдэгджээ. Dpa агентлагийн
мэдээлснээр, хэсэг сайд нар огцорсон нь Нидерландын дотоод бодлогод нөлөөлөхгүй
бөгөөд учир нь, барууны популист “Эрх чөлөөний нам” эвслээс гарсны дараа ч
гэсэн эрх баригч эвсэл олонх болж байгаагүй юм. Одоо нам бус Ерөнхий сайд Дик
Схофын удирдсан засгийн газарт барууны либерал үзэлт “Эрх чөлөө, ардчиллын
төлөөх ардын нам”, барууны популист “Фермерүүд-иргэний хөдөлгөөн” нам үлдэж
байна.
Огцорч буй сайд К.Велдкамп өмнө
нь мэдэгдэхдээ, Газын зурваст цэргийн ажиллагаа явуулсаар буй Израилын засгийн
газрын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах нь ёстой гэдгийг хэдэнтээ уриалж
байсан юм. Гэвч түүнийг эвслийн түнш намууд дэмжээгүй ажээ.
Өнгөрсөн долоодугаар сарын
сүүлчээр, палестинчуудын эсрэг хүчирхийлэл үйлдэхэд өдөөн хатгасаар буй Израилын
Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир, Сангийн сайд Бецалел Смотрич
нарыг Нидерландын засгийн газар “персон нон грат” буюу “тааламжгүй этгээд” гэж зарласан
байна. Мөн тэднийг SIS гэдэг Шенгений өгөгдлийн бааз дахь “Шенгений бүсэд нэвтрүүлэхийг
хориглох гадаадын иргэд”-ийн жагсаалтад оруулах хүсэлт гаргажээ.