ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрт дахин нэг хөв цөөрөм байгуулах шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-22 11:02:48

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумыг үерийн эрсдлээс бүрэн хамгаалахын тулд дахин нэг хөв цөөрөм байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Одоогоор Дэлгэрэх голын голдрилыг шулуутгаж, эргийг бетондож, хамгаалалтыг бэхжүүлэх ажлыг 2014 оноос эхлүүлэн 1.4 тэрбум орчим төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн. Нэмээд дахин нэг хөв цөөрмийг байгуулснаар Арвайхээр хот үерийн аюулаас 80-аас дээш хувь хамгаалагдана гэж Онги Таац голын сав газрын захиргааны дарга С.Дуламрагчаа хэллээ.

Аймгийн хэмжээнд хөв цөөрөм байгуулах шаардлагатай 14 цэгийг тодорхойлж, долоон хөв цөөрмийн зураг төслийг боловсруулан холбогдох газраар батлуулжээ.

Хөв цөөрөм байгуулах нь хүн ам, мал аж ахуй, газар тариалангийн усан хангамжийг бүрдүүлэхээс гадна үерээс хамгаалах,  экологийн тэнцвэрт байдлыг дэмжих зорилготой юм.

Холбоотой мэдээ