COP 17 хурлыг угтан олон улсын төлөөлөгчид Даланзадгадад цөлжилтийн эсрэг чууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-10-04 11:49:31

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд санаачлан, БОУАӨЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.


Энэ жилийн хурлыг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өчигдөр зохион байгуулав.

Хурал нь манай улсад ирэх онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) угтан цөлжилттэй тэмцэхэд бодит шийдлийг хамтдаа эрэлхийлж байгаагаараа ач холбогдолтой боллоо. Хуралд Монгол, Австрали, БНХАУ, Япон, Франц зэрэг улсын 200 гаруй төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэв. Үндсэн болон салбар хуралдаанаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын шинэхэн судалгааны үр дүн, шийдэл багтсан 27 илтгэлийг хэлэлцсэн. Үүнд цөлжилтийн явцын шинжлэх ухааны үндэслэл, усны нөөцийн инженерийн шийдэл, хиймэл дагуул, хиймэл оюунд суурилсан мониторингийн аргачлал, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах технологи сэдвүүд багтсан юм.


Энэ үеэр “Боломжуудыг нээцгээе” уулзалт, “Газрын доройтлыг тэглэх нь” сургалтад төлөөллүүдийг оролцуулж, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шийдлийг ярилцав. Мөн, байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн, 40 гаруй илтгэлийг хананд дэлгэж, туршлага солилцон, хамтын ажиллагаагаа бэхжүүлжээ.


Эрдэм шинжилгээний хурлыг цаашид олон улсын түвшинд уламжлал болгон зохион байгуулж, салбарын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид таамаглалаа баталгаажуулах, цөлжилтийг бууруулах шийдлээ хуваалцах урт хугацааны хамтын ажиллагааны талбар болгох нь “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд эх дэлхийгээ хамгаалах урт хугацааны бодлогын нэгэн хэсэг билээ. 


Хуралд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, “Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг (ЭМААБОАБОН) хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам нар үг хэлсэн юм.



Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүдийн хураангуй болон ханан илтгэлийг https://gobilegacy.mn/ цахим хуудсаас үзэх боломжтой. 


Холбоотой мэдээ