Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ли Сүн Жэ таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-25 15:18:31

СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /Yonhap/. Өмнөд Солонгосын нэрт жүжигчин, жүжиг, телевизийн цуврал, уран сайхны кинонд 70 орчим жил тоглосон Ли Сүн Жэ мягмар гарагт таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн мэдэгджээ. Тэрбээр 91 насыг зооглосон байна. 


Өнгөрсөн оны эцэс хүртэл жүжигчний замналаа идэвхтэй үргэлжлүүлсэн Ли Сүн Жэ олон ангит кино, инээдмийн цуврал, түүхэн бүтээлүүдэд бүтээсэн дүрээрээ үе үеийнхэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм юм. 1934 онд одоогийн Умард Солонгосын Хёрён хотод төрсөн Ли Сүн Жэ 1950-53 оны Солонгосын дайны өмнөхөн 4 настайдаа гэр бүлийн хамт Сөүл рүү нүүжээ. Тэрбээр Сөүлийн үндэсний их сургуульд сурч байхдаа жүжигчний замналаа эхлүүлж, 1956 онд “Beyond the Horizon” жүжгээр театрын урлагийн ертөнцөд хөл тавьсан байна.


Тэрбээр 1991-1992 онд цацагдаж, үзэгчдийн рейтинг 65 хувьд хүрч байсан “What on Earth is Love” хэмээх хит цуврал зэрэг 140 телевизийн олон ангит кинонд тогложээ. Түүнчлэн 70-аад насандаа “High Kick!” (2006), “High Kick Through the Roof" (2009) цуврал кинонд тоглосноор залуу үеийнхний дунд алдартай болсон байна. Түүний дараа “Grands Over Flowers” (2013) реалити шоунд оролцож, 80 гаруй нас хүртлээ жүжигчний замналаа үргэлжлүүлж, Шекспирийн “King Lear” (2021) жүжгийн гол дүрийг бүтээжээ. Харин өнгөрсөн оны 10 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар жүжиглэхээ больсон байна. Тэрбээр 2024 онд “KBS Drama Awards” наадмаас шагнал хүртсэн хамгийн ахмад жүжигчин болж байв.


Мөн 1992 онд тухайн үеийн эрх баригч Ардчилсан Либерал намаас хууль тогтоогчоор сонгогдож байжээ.

Холбоотой мэдээ