СЭЛЭНГЭ: "Гарын арван хуруу" нь монгол ардын сэтгэлгээний онцлогийг илтгэх гүн ухааны дуу юм

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2025-11-25 13:07:10

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол ардын дуу "Гарын арван хуруу" нь монгол ардын сэтгэлгээний онцлогийг илтгэх, хүмүүжил, ухаан, эв нэгдлийг өгүүлсэн гүн ухааны дуу юм.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Соёлын бүтээлч сар аяныг өргөн дэлгэр, идэвхтэй өрнүүлж байна.

 

Үүний нэг илрэл нь Шаамар сумын Соёлын төвөөс “Эерэг хандлага-идэвхтэй залуучууд” уриан дор өв соёлоо дээдлэх ажлын хүрээнд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин Г.Эрдэнэчимэг, Улсын тэргүүний ардын авъяастан, дуучин А.Дагвадорж нар "Гарын арван хуруу" монгол ардын дууны утга агуулгыг хүүхэд залуустаа таниулан хүргэлээ.

 

"Гарын арван хуруу" монгол ардын дуунд “хүн бүрийн ялгаатай байдал дунд, эв найрамдал, шударга зан, цэвэр ариун сэтгэл оршин байж амьдралын утга учир төгөлдөр болдог юм шүү гэдгийг гүн ухааны хэллэгээр өгүүлсэн байдаг байна.

 

Уг дууны агуулгын гол санаа нь хүний амьдралын холбоо хамаарал, хамтын хүч, эв найрамдлын үнэ цэнийг гарын арван хуруугаар зүйрлэн илэрхийлжээ.

 

Тодруулбал гарын арван хуруу шиг хүмүүс бүгд тэгш үнэ цэнтэй, хамтдаа байж л нэгэн гэр бүл, нийгэм, улс орон бүтдэг гэсэн санааг илэрхийлдэг байна.

 

Мөн гарын арван хуруу адилгүй ч бүгд хэрэгтэй гэсэн гүн ухааны санааг тусгажээ.

 

Тухайлбал дууны үгс нь бие биедээ түшиг тулгуур болохын үнэ цэн. Олон хүн нийлж, нэг зорилгын төлөө зүтгэх ухаан. Даруу төлөв энэрэнгүй сэтгэл. Хүн бүр өөр өөрийн онцлог, чадвартай ч бүгд чухал, ялгаатай байдалд эв нэгдэл оршдог гэсэн эрхэм философийг илтгэдэг байна.  

Холбоотой мэдээ