ХОВД: Буянт голд хөв цөөрөм байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-21 13:27:58

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутагт орших Буянт голыг хамгаалах, усан хангамжийг нэмэх зорилгоор ирэх онд хөв цөөрөм байгуулах тохиролцоонд хүрчээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин нар Буянт голын хамгаалалтын асуудлаар санал солилцсон юм. Тэд Буянт голд хөв цөөрөм байгуулах нь зайлшгүй шаардлагатайг онцолж, уг ажлыг 2026 онд орон нутгийн болон холбогдох байгууллагын оролцоотой  хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Мөн Буянт голын зуслангийн бүсэд айл буухыг тодорхой хугацаанд хориглох шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлттэй санал нэгджээ. Энэ нь усны бохирдол, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хангахад давуу талтай юм. 


Буянт гол нь Монгол алтайн нуруу, Хөх сэрхийн нурууны мөнх цас мөсөн голуудаас эх аван урсдаг. Жил бүр тус голын усны түвшин багасаж, бохирдол нэмэгдэж байгаа нь хүний буруутай үйл ажиллагаа, зуслангийн бүсэд стандартын шаардлага хангаагүй бие засах газар, ахуйн хог хаягдал их хэмжээгээр үүссэнтэй холбоотой гэдгийг судлаачид тогтоосон байдаг.   

Ховд аймгийн иргэд Буянт голын хөвөөнд амарч, айлууд зусланд гардаг уламжлалтай ч одоо байгаль орчин, гол усаа хамгаалах, сэргэх боломж олгохыг чухалчилж буй. 

Холбоотой мэдээ