Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-24 15:51:00

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан.


Ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөлөл багтжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийн хамтаар банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай танилцахаар нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гантиг вилла” төслийн талбайд ажиллалаа. 180 айлын орон сууцны зориулалттай, есөн блок бүхий барилгыг 2022 онд 86.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлэн авсан ч одоо болтол царцсан хэвээр байна.


Тус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр шуурхай арга хэмжээ авахаар болов. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг нягтлан шалгаж, хэрэв хэт өндөр үнэлсэн бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах, өр төлбөрт үүсэх зөрүү үнийн дүнг нэхэмжлэхээс гадна нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгоно. Мөн Хан Уул дүүрэгт 648 м2 талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр давхар обьектыг улсын орлогод бүртгэн авч, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцох, улмаар обьектыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад оруулахаар болжээ. 


Ажлын хэсэг нь өр төлбөрт санал болгосон хөрөнгийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэгтгэх, буцаан төвлөрүүлсэн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгах, ашиглалтад оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй юм.

 

Холбоотой мэдээ