Нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-тай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-03 16:46:54

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын ерөнхийлөгч Нам Гүнг Ван нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


БНСУ-ын Намъянжү хотын захиргаанаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ тус хотын төлөөлөгч Нам Гүнг Ваны санаачилгаар Улаанбаатар хотод хандив өгөх, цаашид гэр оронгүй эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсний дагуу тус үйл ажиллагаг зохион байгуулаад байна.


Харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлд урт хугацаанд хамтран ажиллана. Үүнд, нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн боловсрол, хамгаалалд дэмжлэг үзүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлд мод тарих, ойн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт, сайн дурын их цэвэрлэгээ хийх, хоёр улсын харилцан соёл, туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.


Түүнчлэн Солонгосын талаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын удирдлага гишүүдийн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаадугаар сарын 29-нөөс энэ сарын 3-нд айлчилж, Нийгмийн хамгааллын тусгай төв, тус төвийн өргөтгөл буюу Сургалт хөгжлийн цогцолбор төвийн үйл ажиллагаатай танилцжээ.


Ташрамд дурдахад, Улаанбаатар, Намьянжү хотууд 1998 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж ирсэн түүхтэй.







Холбоотой мэдээ