ДОРНОД: Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхнаар өвчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд улаанбурхны 23 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдгээрийн 71.5 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй, 4.9 хувь нь вакцин хийлгэх насанд хүрээгүй, 7.8 хувь нь нэг тун хийлгэсэн хүүхдүүд гэдгийг БОЭТ-өөс мэдээлэв.
Дээрх тохиолдлуудын голомтын дархлаажуулалтыг 86 хувьтай хийсэн байна. Тиймээс “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Энэ үеэр 15 хүртэлх насны, товлолт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг улаанбурхны эсрэг вакцинд хамруулах, дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилго бүхий сурталчилгаа мэдээллийг түгээсэн юм. Түүнчлэн өдөрлөгт аймгийн төвийн ӨЭМТ-үүд болон 13 сумын ЭМТ оролцож, дархлаажуулалт хийсэн байна.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн улаанбурхны голомтын дархлаажуулалтыг 86 хувьтай хийсэн
Ташрамд, улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт
эрчимтэй нэмэгдэж, зургаадугаар сарын 29-ний байдлаар 10542 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.