Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ Европын удирдагчид илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-16 20:12:41

БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 16 /DW/. В.Путин, Д.Трамп нарын Аляскт хийсэн уулзалтын дараа ч гэсэн ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авч, Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ Европын ба Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид илэрхийлжээ.


Европын удирдагчдын хамтарсан энэхүү мэдэгдлийг Германы Холбооны засгийн газрын хэвлэл мэдээллийн газраас өнөөдөр нийтэлсэн байна.


Уг баримт бичигт Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Финландын Ерөнхийлөгч Александер Стубб, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын зөвлөлийн дарга Антониу Кошта нар гарын үсэг зуржээ.


“Украин дахь аллага хядлагыг зогсоох, Оросын түрэмгий дайныг эцэс болгох, шударга бат бөх энх тайвныг тогтооход чиглэсэн Ерөнхийлөгч Трампын хүчин чармайлтыг бид дэмжиж байна. Украин улс өөрийн бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд аюулгүй байдлын баталгаатай байх ёстой” гэж мэдэгдэлд дурдсан байна.


“Украины зэвсэгт хүчинд болон бусад гуравдагч улсуудтай хамтран ажиллахад ямар ч хязгаарлалт тавих ёсгүй, Украин улс Европын Холбоо ба НАТО-д элсэхэд Орос улс ямар нэгэн хориг тавих ёсгүй” гэдгийг мөн онцлон тэмдэглэжээ.


“Украинд аллага хядлага үргэлжилсээр байгаа үед бид цаашид Орост шахалт үзүүлсээр байх болно. Шударга бат бөх энх тайван тогтох хүртэл бид Оросын цэргийн эдийн засагт шахалт үзүүлж, хоригуудыг чангатгасаар байх болно” гэж Европын улсуудын удирдагчдын мэдэгдэлд дурдсан байна.  

Холбоотой мэдээ