ДОРНОД: “Алтан дөрөө” наадам өргөн дэлгэр болж байна

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2025-07-24 18:18:57

Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Үзэмчин түмний соёл, ёс заншлын илэрхийлэл “Алтан дөрөө-2025” наадам эхэллээ. Энэ жилийн наадамд Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Сүхбаатар, Хэнтий болон бусад аймаг, нийслэлээс, хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Зүүн үзэмчин хошууны төлөөлөгчид оролцож байна.


Монгол Улсын гавьяат эдийн засагч Лэвгэрийн Түвдэнням: “Үзэмчин түмний өвөрмөц зан заншил, аж амьдрал, баялаг уламжлалыг хадгалан, уламжлалт урлаг, хүнсний бүтээгдэхүүн, гар урлал зэрэг давтагдашгүй арвин баялаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор анх эхлүүлсэн ажил маань өдгөө олон улсын шинжтэй уламжлалт наадам болж өргөжсөн” гэв.  


Алтай, Хангайн Үзмийн цагаан уулын нутгаас нүүдэллэн ирж, Халх Монголтой нийлж, өдгөө Дорнод аймагт төвлөрөн нутаглаж буй үзэмчин ард түмний уламжлалт амьдрал, зан заншил нь Монголын өв соёлын нэгэн чухал хэсэг юм. Үзэмчин угсаатнууд олон зууны тэртээгээс монгол төрөө дээдэлж их эзэн Чингис хааныхаа эмээлийн дөрөөг сүлд шүтээнээ болгон тахиж, жил бүр хошуу хотлоороо цуглан, өргөл хүндэтгэл илэрхийлэн агт морьдоо сэтэрлэж, эрийн гурван наадам хийж байсан эртний түүхэн уламжлалтай. Энэ уламжлалыг сэргээн энэхүү "Алтан дөрөө" наадмыг 2005 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж байна.