Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
Тодруулбал, “XXV Great Tenors Tournament” олон улсын уралдааны финалын шатанд Монгол, Хятад, Солонгос, Чех, Польш, Кубын найман дуучин шалгарсан юм. Улмаар Монгол Улсаас оролцсон ОХУ-ын Марийнскийн театрын дуучин Д.Дагвадорж тэргүүн байрт шалгарсан байна. Түүний хувьд түрүүлээд зогсохгүй зохион байгуулагчийн тусгай шагнал, Дуурийн оркестрын нэрэмжит шилдэг дуучны шагнал хүртжээ.
Д.Дагвадоржийн хувьд 2010-2019 онд Эрдэнэтийн дуу, бүжгийн чуулга, 2019-2022 онд ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байжээ. Харин 2024 оны аравдугаар сараас Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
Тэрбээр 2021 онд Италийн Неапольд болсон нэрт тенор дуучин Энрико Карузогийн нас барсны 100 жилийн ойд зориулсан Винчерогийн дэлхийн дууны уралдааны финалд шалгарч байсан юм. Түүнчлэн Исаак Дунаевскийн нэрэмжит дууны олон улсын XII уралдаан, Олон улсын дуурийн дуучдын “Сүй” уралдаанд тэргүүн байр эзэлж, ЗХУ-ын ардын жүжигчин Л.Л.Линховоины нэрэмжит олон улсын дуурийн дуучдын XIII уралдааны гранпри шагнал хүртсэн билээ.