Энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж ажиллагааны газар орныг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-10 10:19:19

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн батальоны хоёрдугаар цуврааны бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны газар орныг зорилоо.


Манай улсын цэрэг дайчид Өмнөд Суданд энхийг сахиулахаар 15 дахь жилдээ мордож буй нь энэ юм. Ар гэрийнхэн, найз нөхөд нь тэднийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс үдэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлага “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ёслон үлдэв. Хоёрдугаар цуврааны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр нарын албаныхан үдэн мордууллаа.




Бригадын генерал Д.Дугаррагчаа, “Ажиллагааны газар оронд даргадаа дэмтэй, цэрэгтээ нөмөртэй, нөхдөдөө тустай яваарай. Дээд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг ягштал сайхан биелүүлж, дэг журам, сахилга хариуцлагатай бай. Таны үйл хэргээс багийн хамт олны ажил, нэр хүнд шалтгаалдгийг бодож, үе үеийн энхийг сахиулагчдын бүтээсэн “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” хэмээх алдар нэрээ өргөхийг онцгойлон захья. Хүн бүхэн эрүүл энх байхыг үүрэг болгоё. Хилийн чанадад та бүхэн эх орноороо овоглоно, тэр хэрээр үүрэг хариуцлага их байхыг санаж, гэр бүлийнхнийхээ санаа сэтгэлийг зовоохгүй байхад анхаараарай” хэмээгээд дараа жил баяртай уулзахын ерөөл өргөжээ.




Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. Анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу 2002 онд илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор 20 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. 

 

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 890 гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсний 11 хувь нь эмэгтэй алба хаагч бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байв.

 

Холбоотой мэдээ