Япон зураач Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгээ нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-10 15:23:07

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Японы орчин үеийн урлагийн уран бүтээлч, “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд дэлгэнэ.


Өдгөө 77 настай Торү Күранүки нь бүтээлийнхээ үзэл санааг чулуугаар илэрхийлдэг, чулууны бүтэц, өнгөний нийлэмжийг уран бүтээлдээ тусгадгаараа онцлог уран бүтээлч юм. К-veritas, Япон Улсын Элчин сайдын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулах тус үзэсгэлэнд 77 бүтээл дэлгэх юм. Дэлхийн хамгийн хуучин атлаа хэзээ ч хуучиршгүй чулууны мөн чанарыг бүтээлүүддээ шингээхийн зэрэгцээ монгол соёлын чулуу зөвхөн байгалийн материал бус амьтай, эзэнтэй, сүнслэг гэсэн агуулгыг ч давхар илэрхийлэх ажээ.




Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито манай улсад энэ онд айлчилж, хоёр орны соёлын харилцаа улам өргөжиж буй энэ үед орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл үзэсгэлэнгээ нээж байгаа нь онцлууштай юм. 

Холбоотой мэдээ