Зэсийн шинэ орд нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-07 14:13:09

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ.


Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг том шинэ орд нээж, монголчуудад ахуй амьдралаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэх, хөгжил дэвшлийг хурдасгах шинэ боломж гарч байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг даалгавар өглөө. Энэ тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм. Эрдэнэт үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэжээ. Ордыг ашиглах зураг төсөл, бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллана.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут зэсийн шинэ ордыг нээж, ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо. Тэрбээр “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрд тэгш, шударга хүртээх талаар Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Үндсэн хуулийн 2019 оны энэхүү өөрчлөлтийн дагуу иргэн бүр өөрийн дансандаа хуримтлал үүсгэж, хэрэгцээндээ тохируулан зарцуулах боломж нээж байна. Цаашид шинэ орд, хүдэржилтийн бүс илрэх магадлал бүхий талбайд аливаа төлөвлөлт, бүтээн байгуулалтыг оролцогч талуудтай нягт харилцан ярилцаж, орон нутаг, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй. Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэжилтэн болдгийг Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр харж болно” гэв.


Оюут орд нь Эрдэнэтийн Овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж байгаа нь нэн таатай орчин нөхцөл юм.

Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд том түлхэц болох ажээ.








Холбоотой мэдээ