“Шанхайн 10” буюу ШХАБ-ын шинэ түүхийн эхлэл

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-08 12:54:09

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Астанагийн Тунхаглалыг баталж, 25 баримт бичигт гарын үсэг зурж, Беларусь улсыг гишүүнээр элсүүлснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт буюу тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан амжилттай өндөрлөлөө.


Дэлхийн хүн амын 45 хувийг бүрдүүлж, дэлхийн ДНБ-ний 25 хувийг үйлдвэрлэдэг улс орнуудаас бүрдэж буй тус байгууллагад Азийн улсууд давамгайлдаг байсан бол ийнхүү Беларусь улс нэгдсэнээр Дорнод Европыг хамран хүрээгээ тэлж байна. Энэ бол Евразийн төв гэгдэх Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон саммитын үеэр гаргасан хамгийн гол шийдвэрүүдийн нэг байлаа. Ингэснээр анх байгуулагдахдаа Шанхайн 5 гэгдэж байсан ШХАБ одоо “Шанхайн 10” гэдэг албан ёсны бус нэртэй болж, тус байгууллагын шинэ түүх эхэлж байна. Өмнө нь 2017 оны Астанагийн саммитаар Энэтхэг, Пакистан хоёрыг ШХАБ-д элсүүлж байсан бол энэ удаад Беларусийн гишүүнчлэлийг баталлаа. 


Дээр дурдсан 25 баримт бичгийн дотроос Астанагийн тунхаглал, “Шударга энх тайван, нийцэл зохицол ба хөгжлийн төлөөх дэлхий дахины нэгдмэл байдал” санаачилга, ШХАБ-ыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн бодлого, терроризм, сепаратизм, экстремизмийн аюулыг сөрөн зогсохын тулд 2025-2027 онд хамтран ажиллах хөтөлбөр, 2024-2029 онд хэрэгжүүлэх мансууруулах бодистой тэмцэх стратегийн төлөвлөгөө, 2030 он хүртэлх ШХАБ-ын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө зэргийг онцлон дурдая. Мөн Тажикистан улсын нийслэл Душанбе хотод Хар тамхитай тэмцэх төвийг байгуулахаар шийдвэрлэлээ.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт анх удаагаа “ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан” ба “ШХАБ+” уулзалт гэсэн хоёр форматаар явагдсанаараа онцлогтой. Уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь гэсэн 10 улсын төрийн тэргүүн нар, мөн “ШХАБ+” уулзалтад  ажиглагч орон болох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүнчлэн Турк, Азербайжан, АНЭУ, Катар, Туркменистаны төрийн тэргүүн нар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын орнуудын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Энэ нь ШХАБ-ын нэр хүнд, статус улам дээшилж, Евразийн орон зай дахь хамгийн нөлөө бүхий олон улсын байгууллага болон өргөжсөнийг харуулж байна.


Түүнчлэн саммитыг үйл явцыг сурвалжлахаар гадаад орнуудаас 700 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд Астанад ирж, Казахстаны 200 гаруй сэтгүүлч ажилласан нь түүхэн үйл явдлын цар хүрээг илтгэнэ. Казахстаны хэвлэлүүдэд бичсэнээр, энэ удаагийн чуулга уулзалт нийтдээ 10 мянга орчим хүнийг хамарсан нүсэр том арга хэмжээ болжээ.


ШХАБ-ын товч түүх


ЗХУ гэдэг их гүрэн задарснаар Төв Азийн хэд хэдэн орон тусгаар улс болсон бөгөөд ОХУ болон шинээр байгуулагдсан улсуудтай хилийн хэлэлцээр байгуулах нь Хятад улсын хувьд нэн тулгамдсан асуудал байв. Ингээд нэг талаас БНХАУ, нөгөө талаас ОХУ, Казахстан, Тажикистан, Киргиз улсууд хилийн асуудлаарх яриа хэлэлцээг хийсний үр дүнд 7000 гаруй км урттай хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай олон талт хэлэлцээрийг 1996 онд Шанхай хотод байгуулсан  юм.


Үүнээс 5 жилийн дараа  “Шанхайн тав”-ынхан Узбекстан улсыг эгнээндээ элсүүлснээр Шанхайн 6 болж, эдгээр улсын төрийн тэргүүн нар Шанхай хотноо дахин хуралдсанаар өнөөгийн ШХАБ-ыг байгуулсан түүхтэй.  Анх байгуулагдахдаа “Шанхайн тав”-ын үйл ажиллагаа нь аюулгүй байдлыг хангах, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх асуудалд төвлөрч байлаа. Тодруулбал, экстремизм, терроризм, сепаратизм гэсэн гурван “изм”-ын аюулыг сөрөн зогсох тухай асуудлыг голчлон хэлэлцдэг байсан бол аажимдаа үйл ажиллагааных нь хүрээ тэлсээр өнөөдөр 10 гишүүнтэй болж байна.


Казахстан улсын төрийн тэргүүн К.Токаевын хэлснээр, ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад худалдааны хэмжээ 8 их наяд доллароос давсан нь дэлхийн нийт худалдааны ¼-ийг бүрдүүлж байна. Ази тивийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нь ШХАБ-ын гишүүн орнуудаас шалтгаалж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийг тогтворжуулагч хүчин зүйл болж байна гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.


Энэ удаагийн саммитын үеэр хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь дэлхийн дэг журам ба аюулгүй байдлын шинэ бүтцийг болгох тухай байв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, бодит байдал дээр олон туйлт дэлхий ертөнц нэгэнт бий болж,  улам олон улс орнуудын зүгээс дэлхийн дэг журмыг шударга болгохыг шаардаж буйг дурдлаа. 


Казахстан улсын төрийн тэргүүн К.Токаевын үзэж байгаагаар, олон улсын харилцааны тогтолцоонд хурц хямрал нүүрлээд буй энэ үед ШХАБ нь өөрийн бүтээлч, тогтворжуулагч үүргээ биелүүлэх ёстой. 


БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдэхдээ, ШХАБ-ын орнуудын удирдагчдын хувьд аюулгүй байдлын салбарт тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд нэгдсэн үзэл баримтлалтай байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглээд, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ газар авах бодит аюул оршсоор байгааг анхаарууллаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астанад


Астанад ирсэн даруйдаа Монгол Улсын төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нартай, маргааш өдөр нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттереш, Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев, Турк улсын Ерөнхийлөгч Р.Эрдоган нартай тус тус уулзлаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзах үеэрээ тодорхой асуудлуудыг тухайлбал, түлш шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлыг ажил хэрэгч байдлаар нухацтай ярилцсан юм. Оросын төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хэлэхдээ "түлш шатахууны нийлүүлэлтэд санаа зовох хэрэггүй. Цаашид тасалдал үүсгэхгүй байх талаас анхааръя. Хэрэв ямар нэг асуудал үүсэж, улстөржсөн үйлдэл гарвал надад мэдэгдэхэд болно" гэв. Түүнчлэн Монгол дахь шатахууны нөөцийн савын асуудлыг хөндөхдөө түрээсээр агуулах сав ашиглаж боломж бий гэдгийг дурдлаа.


Хоёр ерөнхийлөгч эрчим хүчний салбар дахь талуудын хамтын ажиллагааг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Монголд бага оврын атомын цахилгаан станц /АЦС/ барихад бэлэн гэдгээ В.Путин илэрхийлэв. Өмнө нь ийм саналыг ОХУ-ын Шадар сайд асан В.Абрамченко тавьж байсан бол өнгөрсөн оны эцсээр Дубайд болсон СОP28 чуулга уулзалтын үеэр “Росатом”-ын харьяа "Rusatom Energy Projects" компани ба Монголын "Мон-Атом" компанийн удирдлагууд Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, манай улсад бага чадлын АЦС барих боломжийг судлахаар тохиролцсон юм.  


Хоёр ерөнхийлөгч мөн УБТЗ ХНН-ийн төв шугам, дулааны III цахилгаан станцын шинэчлэл, зүүн ба баруун чиглэлийн төмөр замууд, манай улсын нутгаар байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар  ярилцлаа.


Уулзалтын явцаас ажиглавал, Монгол Улс ба Евразийн Эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах бэлтгэл ажил тун ахицтай явагдаж байгаа бөгөөд энэ онд багтан гарын үсэг төлөвтэй байгаа нь бидний хувьд сайн мэдээ. 


Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ онд Халхын голын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар ярилцсан бөгөөд Ерөнхийлөгч В.Путин ялалтын баярт оролцохоор манай улсад айлчлах нь үндсэндээ тодорхой болжээ.


4-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн ба ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарын уулзалтад оролцож үг хэллээ.


Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг онцлон тэмдэглэв. Цаашид ч ШХАБ-ын оролцогч бүх улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа гэдгийг дурдлаа.


Түүнчлэн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзлаа.


Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотлоод, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.


ШХАБ дахь Монголын оролцоо


ШХАБ бол олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн Монгол Улс үзээд 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалтуудад тогтмол оролцсоор ирлээ. 


Ер нь бол ШХАБ-ын хүрээнд манай улсын баримталж буй бодлого тодорхой. Тус байгууллагад ажиглагчийн статустай болох тухай асуудлыг 2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээд “ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхүү оролцох, тодруулбал эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарах нь зүйтэй” гэсэн зөвлөмж гаргасны дагуу ШХАБ-ын хүрээн дэх Монголын талын үйл ажиллагаа явагдаж байна.


2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Астанад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, мөн оны сүүлчээр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Москва хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд ажиглагчаар оролцсон нь ШХАБ дахь Монголын оролцооны эхлэл байв.


Анхандаа гурван -измын аюулыг сөрөн зогсох, цэргийн салбарт харилцан итгэлцлийг бэхжүүлэх асуудлыг голчлон хэлэлцэж байсан ШХАБ-ын үйл ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон нь манай улсын ашиг сонирхолд илүүтэй нийцэж байна.


Нөгөөтээгүүр, ШХАБ-ын уулзалт бүрийн өмнө Монголд өрнөдөг маргаан мэтгэлцээний  сэдэв нь Монгол Улс ШХАБ-т жинхэнэ гишүүнээр элсэх нь зөв үү буруу юу гэсэн асуудал байдаг билээ. Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлын дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “ШХАБ-ын дараачийн гишүүн улс нь Монгол байх болно” гэсэн нь багагүй дуулиан дэгдээсэн билээ.


Харин Астанагийн саммитын өмнөхөн тус хотод болсон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын XIX дүгээр ээлжит уулзалтад оролцсон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал хэлэхдээ “манай улс ШХАБ-ын ажиглагч байх бодлогыг тууштай баримталж, тус байгууллагаас хэрэгжүүлж буй аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны олон талт арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцоно” гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ бол Монгол Улс цаашдаа ШХАБ-ын идэвхтэй ажиглагч хэвээр байна гэсэн үг юм.


Нөгөөтээгүүр, Зүүн Хойд Азийн орон гэдэг олон улсын статустай Монгол Улсын хувьд ШХАБ нь Төв Азийн эрчимтэй хөгжиж улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд шинэ гарц болж байна.


Астана2024-ийн эргэн тойронд 


Их талын дундах баянбүрд гэгдэх Астана хот Каспийн тэнгисээс Алтайн нуруу хүртэл 2 мянга гаруй км үргэлжлэх Казахын их талын умард хэсэгт оршино. 2019 онд энэ хотыг Нур-Султан гэж нэрлэсэн бол 2022 оноос дахиад Астана гэх болсон байна. Ер нь бол түүхэндээ тус хот Акмолинск, Целиноград, Акмола, Астана, Нур-Султан гэсэн 5 өөр нэртэй байжээ.

Тусгаар тогтнолын ордон

Астана хот Евразийн төв хэсэгт байрладаг тул Европ ба Ази тивүүдийг холбосон гүүр,  тээвэр, харилцаа холбоо, логистикийн томоохон төв болж хувирчээ. Цаг агаарын хувьд хуурай газрын эрс тэс уур амьсгалтай, зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрнэ. Иймээс дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн жагсаалтад манай Улаанбаатарын дараа бичигддэг гэнэ. Харин энэ удаагийн чуулга уулзалтын үеэр үе үе зөөлөн бороо шивэрч, +18-аас +21 хэм байсан нь оролцогчдын хувьд тун таатай байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн суусан МИАТ компанийн “Тулуй хаан” агаарын хөлөг нисэх буудалд газардах үед бороо шаагиж эхэлсэн тухай бидэнд үйлчилсэн казах нөхөд бэлгэшээн ярьж байх юм. Хааш хаашаагаа 200 км-ийн дотор уул байтугай гүвээ дов ч үгүй ширээний тавцан шиг тэгш тал дээр орших энэ хотод догшин салхи байнга шуурч байдаг бол энэ өдрүүдэд нар хур тэгширсэн ер бусын намуухан орчин биднийг угтлаа.   


Астана хот 2017 оноос хойш маш ихээр өргөжин тэлжээ. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит 17 дугаар хуралдаанд оролцох үед хэвлэл мэдээллийн багийн бүрэлдэхүүнд багтсан миний бие дэлхийн хамгийн шинэ залуу нийслэл хотод анх удаагаа зочилж билээ. Тэр үетэй харьцуулахад тус хот улам өнгөжин жавхаажиж, орчин цагийн мегаполис хотын өнгө төрхийг нэгэнтээ олжээ. Тухайн үед хүн ам нь 1 саяас давлаа хэмээн зарлаж байсан бол өдгөө 1,5 сая руу тун дөхөж, орон сууцны шинэ шинэ хорооллууд сүндэрлэн боссоор байна.


50:50, 60:40 гэсэн харьцаагаар барилга ба ногоон байгууламж бүхий хотыг байгуулдаг дэлхийн стандарт Астанад жинхэнэ утгаараа хэрэгжжээ. Өргөн цэлгэр замууд нь автомашинаар ба явганаар зорчигчдын ая тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангана. Скүүтэр, унадаг дугуй, моторт дугуй, мотоцикл мэтийг астаначууд огт хэрэглэдэггүй бололтой. 


Харин долоон жилийн тэртээхтэй харьцуулахад юмны үнэ чамгүй өссөн нь мэдрэгдэнэ. Казахстаны нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 13 мянга гаруй доллар болж өссөн бол астаначуудын хувьд энэ тоо 20 мянга руу дөхнө.


Дээд хэмжээний уулзалт болсон 3-4-ний өдрүүдэд Астана хотод террорист халдлагын аюулын “шар” түвшний /дундаас дээш эрсдэлтэй/ түгшүүр зарлаж, аюулгүй байдлыг хангах хатуу чанд арга хэмжээнүүдийг авчээ. Н.Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас хотын төв хүртэлх 17 км хурдны замын 100 м тутамд буутай цэргүүд зогсож, 1 км тутамд “Кобра” гэдэг хуягт машинуудыг байрлуулсан байв. Хурдны замаас салбарласан уулзваруудыг том оврын ачааны машинуудаар хаажээ.   


Харин хотын төвд орших төр засгийн байгууллагуудын цогцолборын орчимд хамгаалалт улам чангарч, 20 м тутамд цагдаагийн ажилтнууд жижүүрлэж, төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болох Тусгаар тогтнолын ордны эргэн тойронд бетонон ба төмөр хаалтууд босгосон нь “дайны байдал” зарласан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хотын төвийн гудамжнуудын дагуух зогсоолуудад автомашин байрлуулахыг хориглож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, 6-8 мянган цагдаагийн албан хаагч дэг журмыг сахиулж байгаа тухай Астанагийн хэвлэлүүдэд бичсэн байна. Мөн төрийн байгууллагууд ба төрийн өмчит компаниудын ажилтнуудын 70 хувь нь зайнаас гэрээсээ ажиллажээ. 


... Ингээд 4-ний орой дээд хэмжээний уулзалт өндөрлөж, ШХАБ-ыг даргалах эрх БНХАУ-д шилжлээ. Астана2024 нь Хятад улсын иргэн Жан Мин-ий хувьд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга үүргээ гүйцэтгэсэн сүүлчийн чуулга уулзалт бөгөөд түүний халааг ирэх оны эхний өдрөөс Казахстаны Батлан хамгаалахын сайд асан Нурлан Ермекбаев авна.

 

 

Холбоотой мэдээ