Япон авто машины татварыг ирэх мягмар гаргаас бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-10 12:21:35

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 10 /NHK/. АНУ, Японы төлөөлөгчид олон сарын турш хэлэлцсэний дүнд байгуулсан худалдааны хэлэлцээрийн дагуу Японы бараа бүтээгдэхүүнүүд, тэр дундаа авто машинд ногдуулах АНУ-ын гаалийн татварыг ирэх мягмар гаргаас бууруулж эхэлнэ. 


АНУ-ын Засгийн газрын албан ёсны сэтгүүл болох “Federal Register”-т хоёр талын худалдааны хэлэлцээрийн талаарх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигийг мягмар гарагт нийтэлжээ. Тэрбээр есдүгээр сарын 4-нд уг баримт бичигт гарын үсэг зурсан юм.


Хэлэлцээрийн дагуу Японоос нийлүүлж буй авто машины татварыг 15 хувь хүртэл бууруулж байгаа бөгөөд Японы ихэнх бараанд ийм хэмжээний тариф ногдуулна. Шинээр тогтоосон татварын хувь хэмжээ нь зарлиг нийтлэгдсэнээс хойш 7 хоногийн дотор хүчин төгөлдөр болох юм.


Д.Трамп зарлигт гарын үсэг зурсны дараа АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник, Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Рёсэй Аказава нар Вашингтонд санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт АНУ-д 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг Японд уриалсан байна. Х.Лутникийн хэлснээр, Д.Трамп хөрөнгө оруулалтыг юунд зарцуулахыг шийдэх “бүрэн эрхтэй” ажээ.



Холбоотой мэдээ