Хөрш орнуудтай тээврийн салбар дахь хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тээврийн сайд нарын 12 дугаар уулзалт”-ын үеэр Монгол, Орос, Казахстан гурван улсын Тээврийн сайд нар албан уулзалт хийв.
Монгол
Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дээрх улстай сайн
хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд илүү
түлхүү анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах
хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, автотээврийн салбар дахь хамтын
ажиллагааг харилцан ашигтай байдлаар илүү өргөжүүлэх нь чухал байгааг онцоллоо.
Мөн гурван улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, агаарын тээврийн
салбарт харилцан шууд нислэг үйлдэх, нислэгийн тоог нэмэх, зорчигч тээврийн
урсгалыг сайжруулахад анхаарч ажиллах тухай хэлэлцэв.
Мөн хөрш
орнуудын тээврийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд агаарын
тээвэр, автотээвэр, төмөр замын салбарт шийдэл хүлээж буй ажлуудын талаар санал
солилцож, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцав. Тухайлбал,
ОХУ-ын тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд Зверев Дмитрий
Станиславовичтэй хоёр талт уулзалтыг хийж тээврийн салбарын хамтын ажиллагаа,
төмөр замын шинэ төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, маршрут чиглэлийг
илүү тодорхой төлөвлөх, дахин судлах нягтлах, эргэн уулзахаар тохиров.
Түүнчлэн
шинэ төмөр зам тавих, одоо байгаа төмөр замуудыг засварлаж шинэчлэх, зорчигч
тээврийн галт тэргийг шинэчлэн сайжруулах, ард иргэдийг аюулгүй, тав тухтай
зорчих боломжийг бүрдүүлэхэд Монгол, Орос, Хятад, Казахстан улсын зам, тээврийн
салбар дахь харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал
байгааг онцлон тэмдэглэлээ.