“Дружба” хоолойн ажиллагааг сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУДАПЕШТ, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Украины дронуудын ээлжит халдлагын дараа “Дружба” нефть дамжуулах хоолойн ажиллагаа дахин сэргэснээр Словак, Унгар руу Оросоос түүхий газрын тос дамжуулж эхэлжээ. Энэ тухай
өнөөдөр Унгарын MOL компани мэдэгдлээ.
Энэ мэдээллийг Словакийн Эдийн
засгийн сайд Денис Саков баталсан байна. “Дружба” хоолойгоор дахин нефть
шахаж эхэллээ! Нийлүүлэлт тогтвортой болж, эрчим хүчний дэд бүтэц руу дахин довтлохгүй
гэдэгт итгэж байна” гэж тэрбээр Facebook нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Энэ сарын 21-ний өдөр Украины
дронууд ОХУ-ын Брянск мужийн Высокое тосгон дахь газрын тос шахах “Унеча” станц
руу дайрсны дараа нефть нийлүүлэлт зогссон тухай Унгарын Гадаад хэргийн сайд П.Сийярто
мэдэгдсэн байна. Өмнө нь 18-ны өдөр Оросын Тамбов муж дахь шахуургын станц мөн
адил дронуудын довтолгоонд өртсөн юм. Харин 19-нд станцын ажиллагааг сэргээжээ.
Украины Тусгаар тогтнолын өдрийг
тохиолдуулан хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэхдээ, Украин
улс Европын Холбоонд элсэх асуудлаарх Унгарын байр суурь ба “Дружба” хоолой руу хийсэн дайралт нь хоорондоо шууд холбоотой,
бид Украин, Унгарын найрамдалт харилцааг үргэлж дэмжсээр ирсэн, харин одоо “Дружба”
хоолой байх уу үгүй юү гэдэг нь Унгарын байр сууриас хамаарна” гэжээ.
Харин Унгарын ГХЯ энэ үгийг “заналхийлэл” хэмээн хүлээн авсан байна. “Зеленский
үндэснийхээ баярыг ашиглан Унгарт заналхийллээ. Бид Украины Ерөнхийлөгчийн
айлган сүрдүүлэлтийг эрс шийдвэртэй няцааж байна. Унгарын эрчим хүчний аюулгүй
байдлын эсрэг утга учиргүй дайралтаа зогсоохыг уриалъя” гэж Гадаад хэргийн сайд
П.Сийярто Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.