Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний ойд зориулж цан цохилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-28 14:13:01

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн цан цохих ёслол өнөөдөр боллоо.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц ёслолыг нээж “Манай хороо олон тулгуурт, хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн, тэр дундаа хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхэд нэлээд анхаарсан. Ялангуяа биржийн бус зах зээл бий болгох, давхар бүртгэлийн орчин бүрдүүлэх, арилжааны шимтгэл, хураамжийг бууруулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүхий эрх зүйн орчныг нутагшуулах, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэх бодлого, зохицуулалт хийсэн. Үүний үр дүнд зах зээлийн үнэлгээ одоогоор 12.3 их наядыг даваад байна. Цаашид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, дотоодын аж ахуй нэгжийн үнэт цаас гаргах, гадаадын бирж дээр давхар бүртгэгдэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог сайжруулж, үнэт цаасны хөрвөх чадварыг өсгөх бодлого баримтална” гэв.


Сонирхуулахад, одоогоос 30 жилийн өмнө буюу 1995 онд зах зээлийн үнэлгээ 11.6 тэрбум төгрөг байсан бол энэ үзүүлэлт 1060 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ 12.3 их наяд төгрөгийг давжээ. Өмнө нь зөвхөн хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, Засгийн газрын үнэт цаас гэсэн 3 төрлийн санхүүгийн хэрэгсэл л арилждаг байсан бол өнөөдөр 100 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнтэй, шинэ мэргэжлийн институцтэй, санхүүгийн шинэ үйлчилгээтэй, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц том зах зээл болж хөгжиж байна. 

Холбоотой мэдээ