СЭЛЭНГЭ: Шилдэг өвлөн уламжлагчийн үнэмлэхийг албан ёсоор гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 27
/МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Сэлэнгэ аймгаас
соёлын биет бус өвийн төрлүүдээр 35 өвлөн уламжлагч оролцлоо.
Сэлэнгэ аймгийнхаа соёлын өвийг
сурталчлан түгээж алдаршуулан оролцсон эдгээр 35 өвлөн уламжлагчид аймгийн
Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга С.Баасанжаргал талархал
илэрхийлж, гарын бэлэг, шилдэг өвлөн уламжлагчийн үнэмлэхийг албан ёсоор
гардуулан өглөө.
Тус фестивалийн Уламжлалт арга
ухааны ай савын төрөлд Шаамар сумын Дулаанхаан тосгоны харьяат, нум сум урлаач
С.Болдбаатар,
Язгуур урлагийн ай савын хэл
хуур, бий биелэгээ, ерөөл магтаалын төрөлд Жавхлант сумын харьяат, өвлөн
суралцагч Д.Бум-Эрдэнэ нар “Өвлөн уламжлагч”-аар тус тус шалгарчээ.
Энэхүү Нүүдэлчин дэлхийн соёлын
фестивальд амжилттай оролцсон өвлөн уламжлагчдад Сэлэнгэ аймгийн ИТХ, аймгийн
ЗДТГ-аас шагнаж урамшууллаа.
Тодруулбал аймгийн ИТХ-ын “Хүндэт
өргөмжлөл”-өөр Мандал сумын өвлөн уламжлагч, хөөмийч, ерөөлч, магтаалч, морин
хуурч, Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн отгийн болон тайзны тоглолтын
ерөнхий найруулагч МУСТА Н.Ганзориг, Жавхлант сумын өвлөн уламжлагч, хэл хуурч,
Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн отгийн болон тайзны тоглолтын туслах
найруулагч МУСТА Г.Бямбасүрэн, Шаамар сумын Дулаанхаан тосгоны өвлөн уламжлагч,
Сэлэнгэ аймгийн бий биелгээний холбооны тэргүүн, МУСТА Х.Хүрэлбаатар, Шаамар
сумын Дулаанхаан тосгоны өвлөн уламжлагч, нум сум урлаач, Нүүдэлчин дэлхийн
соёлын фестивалийн “Шилдэг өвлөн уламжлагч” С.Болдбаатар нарыг,
Аймгийн Засаг даргын Жуух
бичгээр Жавхлант сумын өвлөн уламжлагч, бий биелээч, МУСТА М.Дашдорж, Баруунбүрэн
сумын өвлөн уламжлагч, бий биелээч Н.Гантогтох, Шаамар сумын Дулаанхаан тосгоны
өвлөн уламжлагч, урлаач Б.Дашдаваа, Сайхан сумын өвлөн уламжлагч, хөөмийч, морин
хуурч М.Баяржаргал, Сайхан сумын өвлөн уламжлагч, хөөмийч М.Ганбат нарыг тус
тус шагналаа.
Тус фестивальд Сэлэнгэ аймгаас
оролцогчдын хамгийн өндөр настай, Сүхбаатар сумын өвлөн уламжлагч, бий биелээч
МУСТА Д.Дэлгэрцэцэгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
талархал илэрхийлж, гарын бэлэг гардуулсан байна.
Нүүдэлчин дэлхийн соёлын
фестивалийн отгийн тоглолтоос шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр соёлын биет
бус өвийн онцлог үзүүлбэрээр Жавхлант сумын өвлөн уламжлагч, уртын дууч
М.Батаагийн “Сэргээлэнгийн уул” хэмээх дуу шалгарч нэгдсэн тоглолтод оролцлоо.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 27 орон, Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 852 өвлөн уламжлагч, 232 өвлөн суралцагч оролцсон байна.





