НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр гарын үсэг зурлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот 5000 орчим айл өрхийг стандартын дагуу дулаалж, цаашид хийн түлш рүү шилжүүлнэ. Үүнээс гэрт амьдарч буй 1385 айлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан ЧИП төсөлд хамруулж, ирэх сарын 30-нд 1385 айлыг дулаалах материал нийлүүлж дуусна. Улмаар нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд хийн халаалтын технологийг нэвтрүүлэх, түгээх замаар агаарын бохирдлыг багасгах юм. Хүүхдийн сангаас хийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, чанар, стандартад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ” гэв.
ЧИП төсөл нь уламжлалт нүүрс шатаалтад суурилсан халаалтыг орлуулах, дулаан, агаарын чанарыг сайжруулах зорилготой "Монгол гэрийн дулаалга, халаалт ба агаар сэлгэлтийн багц" юм. Энэ нь цахилгаан халаагуур, дулаалсан давхарга, агаар сэлгэлтийн системээс бүрдэнэ.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе
Коуасси Комлан нийслэлийн агаарын
бохирдлыг багасгах, хүүхдийн
эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагааг эхлүүлсэндээ талархалтай
байгаагаа илэрхийллээ.
Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын хөгжлийн бодлого НҮБ-ын
үзэл баримтлал, чиг баримжаатай уялддагийг онцлоод, Улаанбаатар хотод хийн түлшний зөв дадал, хэрэглээг бий
болгох, агаар орчны бохирдлын нөлөөг судлахад хүлээлт их байгааг
хэлжээ.