ӨВӨРХАНГАЙ: Төв Халхын уламжлалт зан үйл, язгуур урлагийг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-26 11:36:22

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Өвөрхангай аймаг амжилттай оролцон гуравдугаар байрт шалгарав.


Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий тус наадамд аймгаас 14 сумын 50 өвлөн уламжлагч оролцсон юм. Энэ үеэр төв Халхын уламжлалт зан үйл, язгуур урлаг, соёлын биет бус өвийн онцлогийг харуулсан урлаг, уран сайхны үзвэр үйлчилгээг сонирхууллаа.


Тухайлбал, тогоо нэрэх, цагаан идээ боловсруулах, монгол гутал урлах, гурил тээрэмдэх, ноос савах, эсгий хийх, ерөөл магтаал хэлэх, уртын дуу, хэл, хоолойн хөөмий зэргийг түгээн сурталчлав.

"Нүүдэлчин" фестивалийн "Эх хэл аман уламжлал илэрхийллийн төрөл"-д шилдэг өвлөн уламжлагчаар  ерөөлч, магтаалч Г.Өнөболд шалгарсан бол "Хамгийн өндөр настай шилдэг өвлөн уламжлагч"-аар Р.Цэрэндэгд,  "Шилдэг гар урлалын баг, хамт олон"-оор Хужирт сумаас оролцсон Уянгын эрээн гэр урлалын өвлөн уламжлагч Ч.Зургаа, Д.Очирбат, О.Цэрэндулам нар шалгарсан байна. Харин "Арьс шир боловсруулах уламжлалт арга" төрөлд Баян-Өндөр сумын 2 дугаар багийн малчин Д.Балчинсүрэн "Шилдэг өвлөн уламжлагч"',  "Уламжлалт зан үйл, хэл хуур"-ын төрөлд Тарагт сумын харьяат Б.Эрдэнэбулган "Шилдэг өвлөн суралцагч"-аар тодорчээ. 


"Голомт нутаг Өвөрхангай" отгоор гурван өдрийн хугацаанд 7 мянга гаруй хүн зочилж, үндэсний урлал, брэнд бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн байна.


Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Соёлын байгууллагууд хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.









Холбоотой мэдээ