СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины чанарыг сайжруулахаар зохиомол хээлтүүлгийг амжилттай хийж байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ЦАГААН АЛТ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Орхон сумын малчин Б.Бадрахын маллаж байгаа Орхон үүлдрийн хонинд “Мерино”
үүлдрийн хуцны үрээр дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг амжилттай хийсэн
байна.
Нарийн ноост хонины чанарыг
сайжруулах зорилгоор хийж буй зохиомол хээлтүүлгийн ажлыг он гарсаар Сэлэнгэ
аймгийн Цагааннуур, Ерөө, Орхон сум, Номгон тосгоны нийт 1040 толгой хонинд
дурангийн аргаар хээлтүүлэг хийжээ.
Энэхүү хээлтүүлгийг хийдээ Австралийн
мах, ноосны чиглэлийн “Мерино” үүлдрийн 18-21 микрон ширхэгтэй нарийн ноост
хуцны гүн хөлдөөсөн үрийг ашигласан байна.
2022-2023 онд хийсэн
хээлтүүлгээс төрсөн хурганы ноос илүү нарийн, атираа сайтай, ясны бүтэц том,
мах, ноосны гарц нэмэгдсэн сайн үзүүлэлтүүд гарсан талаар агрономич Ц.Алтанцэцэг
хэллээ.
1985-1990 оны үед Монгол Улсад тэр
дундаа Сэлэнгэ аймагт Хангай, Орхон, Ерөө үүлдрийн 250 мянга гаруй нарийн ноост
хонийг үржүүлж, жилд дунджаар 1100-1200 тонн нарийн ноос үйлдвэрлэж, дотоодын
хэрэгцээг бүрэн хангаж байсан түүхтэй.
Харин 1990 оноос зах зээлийн
шилжилтийн үед үржүүлэг, селекцийн ажил зогссоны улмаас 2022 он гэхэд эдгээр
үүлдрийн цэвэр хонины тоо 12 мянган толгой болж буурсан байдаг.
Иймээс ХХААХҮЯ-ны бодлогоор
нарийн ноост хонины чанарыг сэргээж, тоо толгойг өсгөх зорилгоор малзүйчдийг
сурган, зохиомол хээлтүүлгийн орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн сүүлийн
дөрвөн жил тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм.
Нарийн ноост хонины ноос нь
дэлхийд өндөр үнэ цэнтэй “Цагаан алт” хэмээн нэрлэгддэг түүхий эд бөгөөд
дотоодын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн чанартай түүхий эдийн эрэлт нэмэгдэж буй
энэ үед чухал ач холбогдолтой юм.
Нарийн ноосоор тансаг зэрэглэлийн,
зөөлөн, уян хатан, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байдаг.
Иймээс дээрх ажил нь экспортын
орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, шинэ төрлийн бүтээгдэхүүн
гаргах зэрэг олон талын ач холбогдолтой болж байгаа юм.
Монгол Улсад үржүүлж буй
Хангай, Ерөө, Орхон үүлдрийн нарийн нарийвтар ноост хонины ашиг шим, үүлдэрлэг
байдлыг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
(ХХААХҮЯ), ADRA олон улсын байгууллага болон Малын удмын сангийн үндэсний төв
хамтран дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг дөрөв дэх жилдээ хийж байна.
Улаанбаатар