СЭЛЭНГЭ: Орхон суманд ноосны үйлдвэр байгуулна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ЦАГААН АЛТ
Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон суманд ноосны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг бүрдүүлэх томоохон төсөл хэрэгжихээр боллоо.
Тодруулбал, “Орхон” үүлдрийн хонины ноосыг угаах, самнах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ноосны үйлдвэр байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү төслийн хүрээнд энэ сарын 25-ны өдөр аймаг, орон нутгийн удирдлагууд төслийг хэрэгжүүлэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, бүтээн байгуулалтын явц, төлөвлөлтийн талаар санал солилцов.
Уулзалтад Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, БОНБТХ-ийн дарга Я.Мөрөн, ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Цэнгэлсайхан, Орхон сумын ИТХ-ын дарга Д.Лхагвадорж, Засаг дарга Г.Баасансүрэн нар оролцож, төслийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр санал бодлоо илэрхийллээ.
Харин төслийг хэрэгжүүлэгч талаас компанийн захирал Чүэ Му Үн, О.Пүрэв нар оролцож, үйлдвэрийн төлөвлөлт, техник технологийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноосны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.