М.Жордан, К.Брайант нарын зурагтай карт 12.9 саяар зарагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ДАЛЛАС, 2025 оны наймдугаар сарын 25 /CNN/. Майкл Жордан, Коби Брайант нарын зураг бүхий сагсан бөмбөгийн карт өнгөрсөн бямба гарагт болсон дуудлага худалдаагаар 12.932 сая ам.доллараар зарагдсанаар түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн спортын карт болжээ.
Техас муж улсын Даллас хотод “Heritage Auction” дуудлага
худалдааны ордонд үнэ хаялцуулсан “The 2007-08 Upper Deck Exquisite
Collection Dual Logoman” нэртэй картанд хоёр
тамирчны зураг, тэдний гарын үсэг, өмсгөлүүдийнх нь дээр байдаг NBA-ийн лого багтжээ. Уг картыг хэн
худалдан авсан нь тодорхойгүй байна.
“Энэхүү картын эрэлт асар өндөр байсан, учир нь түүн дээр хамгийн
шилдэг хоёр тоглогчийн зураг, өмсгөлийн хэсэг, гарын үсэг зэрэг бүх зүйл багтсан байсан” гэж “Heritage”-ийн Спортын дуудлага худалдаа хариуцсан захирал Крис Айви долоодугаар сард мэдэгдэж байв.
“Upper
Deck” арилжааны картын
компаниас 2004-2009 оны хооронд гаргасан “Dual NBA Logo Autographs” цувралд сагсан бөмбөгийн супер оддыг нэг картад хамтад нь гаргасан байдаг. Карт
бүрийг цөөн тоогоор гаргасан бөгөөд картууд дээр М.Жордан, ЛеБрон Жеймс, Скотти Пиппен нар 8 удаа, К.Брайант 11 удаа дүрслэгджээ.
Дуудлага худалдааны өмнө уг картыг 6 сая ам.доллароор зарагдана гэж таамаглаж
байсан боловч үнийн дээд амжилт тогтоосон байна. Өмнө нь “1952 Topps Mickey Mantle” бейсболын карт 2022 онд 12.6 сая ам.доллароор зарагдаж байв.
Бямба гаргаас өмнө хамгийн өндөр үнээр зарагдсан сагсан бөмбөгийн карт бол Стефен Көрригийн
2009-2010 онд шинэ тоглогч байх үеийнх нь зураг бүхий карт бөгөөд уг карт 2021 онд 5.9 сая ам.доллароор
зарагдсан байна. Лигийн лого бүхий картууд цуглуулагчдын
дунд хамгийн их эрэлттэй
байдаг.
Гэхдээ Жордан-Брайант
нарын карт нь спортын
дурсгалын зүйлсээс хамгийн үнэтэй зарагдсан
эд зүйл биш юм. 1932 оны Дэлхийн цувралын үеэр “Чикаго
Кабс” багтай хийсэн тоглолтод Бэйб Рутийн
өмсөж байсан өмсгөл 2024 оны наймдугаар
сард 24.12 сая ам.доллароор зарагдаж байсан билээ.