“Кайрат” баг түүхэндээ анх удаа Аваргуудын лигт тоглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-27 15:31:29

АЛМАТЫ, 2025 оны наймдугаар сарын 27 /Kazinform/. Алматы хотын хөлбөмбөгийн “Кайрат” баг Аваргуудын лигийн плей-оффын шатны хариу тоглолтод Шотландын “Селтик” багийг хожсоноор ихээхэн дуулиан тарьж, түүхэндээ анх удаа тус лигийн хэсгийн шатанд шалгарлаа.  


Сонгон шалгаруулах шатанд Казахстаны клуб Словений “Олимпиа” багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:1 харьцаагаар, Финландын КуПС багийг 3:2-оор, Словакийн “Слован” багийг 1:1, торгуулийн цохилтоор 4:3 харьцаагаар тус тус хожсон байна.  Ингээд өчигдөр орой Алматы хотод болсон плей-оффын тоглолтын үндсэн ба нэмэлт цагт хоёр баг 0:0-ээр тэнцсэн тул ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад “Кайрат” баг 3:2 харьцаагаар Шотландын багийг буулган авчээ. Өмнө нь Глазго хотод болсон эхний тоглолтод хоёр баг 0:0 харьцаагаар тэнцсэн тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Казахстаны баг дараагийн шатанд шалгарлаа.

Ийнхүү Аваргуудын лигийн хэсгийн шатанд шалгарах явцдаа тус клуб 18 сая 620 мянган еврогийн орлого олсон байна. Үндсэн шатны тоглолтод хожсон тохиолдолд 2,1 сая евро, тэнцсэн тохиолдолд 700 мянган евро олгодог ажээ.


Тоглолтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр “Кайрат”-ын ахлах дасгалжуулагч Рафаэль Уразбахтин ярихдаа “бидний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Казахстаны цомыг хүртэж, Европын цомын аль нэг тэмцээний хэсгийн шатанд шалгарах зорилт тавьсан. Үнэнийг хэлэхэд Аваргуудын лигт хэсгийн шатанд шалгарна бодоогүй, Конференцийн лигийн хэсгийн шатанд багтах болов уу гэж тооцоолж байлаа” гэв.   


Одоо “Селтик” баг Европын лигийн үндсэн шатанд тоглоно.


УЕФА-гийн клубүүдийн хооронд болдог тэмцээнүүдийн үндсэн шатны сугалаа 28-29-ний өдрүүдэд Монакод болно. 

Холбоотой мэдээ