ГОВЬ-АЛТАЙ: Ерөнхийлөгчийн тэтгэлэгт Говь-Алтай аймгаас 15 сурагч шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт Говь-Алтай аймгаас 15 сурагч шалгарлаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд Говь-Алтай аймгаас 15 хүүхэд шалгарсныг тус аймгийн Боловсролын газраас мэдээллээ.
Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.
Ийнхүү автоматаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсролын газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/3817 тоот албан бичгийг үндэслэн 404 хүүхдийн нэрийг зарласан бөгөөд үүнд Говь-Алтай аймгаас 15 сурагч шалгарсан байна.
Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийх ажээ.
Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ. Ийнхүү тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм.
Жагсаалтад багтсан хүүхдүүд МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоотоос болон 99949945, 99889379 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой гэдгийг тус аймгийн Боловсролын газраас анхааруулав.