ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 85.9 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-08-28 11:09:32
Говь-Алтай, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нутгийн 85.9 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн тухай цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ. Тодруулбал, зуншлагын байдал 2025 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 56.6 хувьд хэвийн сайн, 43.4 хувьд дунд зэрэг, 0.0 хувьд муу үнэлгээтэй гарсан байна. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл: 0.0 % нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй) 14.1 % нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй) 26.6 % нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн) 37.5 % нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн) 21.8 % нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл нутгийн 14.1 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 85.9 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байгааг онцлон мэдээлэв. 

Говь-Алтайн аймгийн Цогт сумын ихэнх нутаг болох Баян-Өндөр, Баян-Улаан, Рашаант, Төгрөг, Далан, Гэгээт, Төгрөг сумын Цагаанхайрхан, Тунгалаг, Төгрөгийн эх, Бигэр сумын Урт, Эх булаг, Мянгаа, Тайшир сумын Галуут, Далан, Бугат сумын Биж, Ферм, Цээл сумын Бүрэн, Дэрстэй, Дэлгэр сумын Гуулин тосгон, Баян-Өндөр, Хөхморьт сумын Хүйсийн говь, Тонхил сумын Тамч, Эрдэнэ сумын Өлзийт багуудын нутагт даац олон дахин хэтэрсэн байна. 
Мөн түүнчлэн Баян-Уул сумын Баянговь, Баянхайрхан, Алтангадас, Эрдэнэ сумын Цэцэгнуур, Сангийн далай, Цагаан-Уул, Шарга сумын Хамтын хүч, Улаантуг, Баянгол, Хөхморьт сумын Цоохор нуур, Сангийн далай, Чандмань сумын Хүрхрээ, Өлзийбулаг, Тонхил сумын Зүйл, Бүс-Уул, Дэлгэр сумын Баянбуурал, Баянхайрхан, Есөнбулаг сумын Есөнбулаг, Рашаант, Бигэр сумын Буудай, Хүрэмт, Халиун сумын Олонбулаг, Сүүж, Цээл сумын Жаргалт, Баянгол, Тайшир сумын Хуримт, Жаргалан сумын Тээл, Төгрөг сумын Хүрэнгол багуудад 3-5 дахин хэтэрсэн, Дарив сумын Ихэс, Хужирт, Жавхлант, Баян-Уул сумын Хүйсийн говь, Чандмань хайрхан, Баянбогд, Жаргалан сумын Бүрэн, Завхангол, Бугат сумын Сүж, Гаханч, Тонхил сумын Алтайн-Оргил, Алтансоёмбо, Чандмань сумын Эрдэнэ-Уул, Чандмань-Уул, Халиун сумын Гүү бариач, Чацран, Цогт сумын Баянтоорой, Дэлгэр сумын Баян-Өндөр, Есөнбулаг сумын Наран, Шарга сумын Сондуулт, Төгрөг сумын Мааньт, Хөхморьт сумын Завхангол багийн нутагт даац 1-3 дахин хэтэрч тухай нэмж мэдээлэв. 

Энэ жил зуншлага оройтсон зарим нутгаар болон малын тоо ихтэй сумдын нутгаар даац хэтэрч гарсан байна. Өвөл-Хаврын бэлчээрийн даац зарим нутгаар хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч, өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.
Холбоотой мэдээ