ДЭМБ: Дижитал эрин үе ганцаардлыг нэмэгдүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-03 11:32:45

ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 3 /Kazinform/. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Нийгмийн харилцааны комиссын шинэ тайланд "ганцаардал бол нийгмийн эрүүл мэндэд учирч буй ноцтой аюул" гэж тодорхойлжээ. 


Лхагва гарагт нийтэлсэн уг тайланд дурдсанаар, дэлхий дээр ганцаардалтай холбоотой шалтгаанаар нэг цаг тутамд 100 орчим хүн нас барж байгаа бөгөөд жилд энэ тоо 871 мянга гаруйд хүрдэг байна. 


Ганцаардал нь бүх насны хүмүүст тохиолдож болох боловч өсвөр насныхан, залуучууд болон орлого багатай, дунд орлоготой орнуудын иргэд үүнд хамгийн ихээр өртөж байна. Тоо баримтаас харахад 13-29 насны залуусын 17-21 хувь нь ганцаардлыг байнга мэдэрдэг ажээ. Асуудал ялангуяа өсвөр насныхны дунд хурцаар тавигдаж эхэлсэн байна. Орлого багатай орнуудад ганцаардлын түвшин 24 хувьд хүрч байгаа нь орлого ихтэй орнуудтай харьцуулахад бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Орлого ихтэй орнуудад явуулсан судалгаанд оролцогчдын 11 орчим хувь нь өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг байна. 


"Бидний эрин үед харилцааны хязгааргүй боломжууд байгаа ч гэлээ улам олон хүн тусгаарлалт, ганцаардалтай тулгарч байна. Ганцаардах, нийгмээс тусгаарлагдах явдал бол хувь хүн төдийгүй гэр бүл, нийгэмд хор уршигтай. Хэрэв бид арга хэмжээ авахгүй бол энэ асуудал эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлтийн салбаруудын зардлыг нэмэгдүүлж цаашид нийгэмд тэрбум тэрбумын хохирол учруулсаар байх болно гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ. 


Нийгмийн бат бөх харилцаа нь хүний эрүүл мэндэд амьдралын бүх шатанд эергээр нөлөөлдгийг тайланд онцолжээ. Нийгмийн харилцаа нь бие махбод дахь үрэвслийн үйл явцыг бууруулж, хүнд өвчин тусах эрсдлийг багасгахад нөлөөлдгөөс гадна сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, эрт нас барах магадлалыг бууруулдаг.


Харин ганцаардмал, тусгаарлагдмал байдал нь цус харвах, зүрх судасны өвчин, чихрийн шижин тусах, танин мэдэх чадвараа алдах болон эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Энэ бүхэн нь сэтгэл санааны байдлыг доройтуулж, сэтгэлийн хямралд орох магадлалыг хоёр дахин ихэсгэдэг. Мөн түгших эмгэг, өөрийгөө гэмтээх, амиа хорлох сэдэлд хүргэдэг байна. 



Холбоотой мэдээ