ХОВД: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах төслийг шалгаруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-03 14:57:30

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар энэ жил Ховд аймгийн хэмжээнд 30 аж ахуйн нэгж 3.5 тэрбум төгрөгийн дэмжлэг хүссэн төсөл ирүүлжээ.

 

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу дээрх аж ахуйн нэгжийн төслөөс шат шатны сонгон шалгаруулалтаар 10 аж ахуйн нэгж тэнцсэн байна.


Үүнд Алтай, Зэрэг, Буянт, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн жимс, жимсгэнэ үйлдвэрлэх, хүнсний ногооны зоорь, мах, сүүний фермерийн эрчимжсэн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мод, модон болон морин хуур, сав баглаа боодлын төслүүд багтаж буй.

 

930.9 сая төгрөгийн санхүүжилт хүссэн дээрх аж ахуйн нэгжүүд төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хорооны хуралд төслөө танилцуулжээ. Хурлаар төслийг хэлэлцэн, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд уламжилж, шалгарсан аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулна. 

 

Энэ жилийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 900.0 сая төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн бөгөөд орон нутгийн төсвөөс 27 хувь, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 73 хувийг тус тус олгох тухай өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.   

Холбоотой мэдээ