У.Туяа: Цэцэрлэгээс дээд боловсрол хүртэлх бүх түвшинд хүний эрхийн боловсрол олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-02 17:14:18

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ХЭҮК, Монголын Эмнести Интернэшнл, МУИС хамтран  “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” хурлыг зохион байгуулав.


Монгол Улс хүний эрхийн боловсролын нөхцөл байдал, эрх зүй, шинэчлэлийн талаарх мэдээлэл солилцох зорилготой хурлыг 2013 оноос хоёр жил тутам зохион байгуулж байна. 2023 онд “Хүний эрхийн боловсролын арга зүй” сэдэвт симпозиумыг хийж, 13 байгууллага, албан тушаалтанд 45 арга зүйн зөвлөмж хүргүүлсэн. Хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, бүс нутгийн улс орнуудтай туршлага, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү хурал нь тав дахь удаагаа болж буйгаараа онцлогтой. Энэ жилийн хувьд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, боловсролын чиглэлийн багш, судлаачид боловсролын салбарт хүний эрхийг боловсролыг хэрхэн олгох талаар хэлэлцэж байна.


Монгол Улсын Засгийн газраас “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал /2024-2036/”-г өнгөрсөн онд баталж, сургалтын хөтөлбөрийг шинэчилж байна. Энэ хүрээнд СӨБ, ЕБС, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын бүх түвшинг хамарсан  хүний эрхийн боловсролын агуулгыг хэлэлцэж, матриц боловсруулахаар зорьж буй аж.


Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн судалгааны секторын зөвлөх, доктор У.Туяа ярихдаа, "Хүний эрхийг дэмжиж, хөгжүүлж байна гээд сурах бичиг, сургалтын хөтөлбөр зэрэг боловсруулсан цаасыг хийх нь учир дутагдалтай. Хүний эрхийн боловсрол гэдэг тодорхой системүүдийн дэд тогтолцоо буюу эко систем юм. Иймээс боловсрол олгож буй багшийн ур чадвар, заах арга зүй, хүний эрхийн боловсролоос гадна макро, микро орчныг ч ярих хэрэгтэй. Мөн сургууль, нийгэм, гэр бүлийн оролцоо гээд өргөн хүрээтэй авч үзэх хэрэгтэй. Нөгөө талаараа энэ төрлийн боловсрол олгох нь зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн асуудал биш. Үүнд мэргэжлийн, дээд боловсролын талаар ч ярих нь зүйтэй. Бид одоогоор сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшний хөтөлбөрийг шинэчилж байна. Ингэхдээ агуулга бус хүүхдүүдийн ямар чадамжийг хөгжүүлэх вэ гэдэгт анхаарсан. Цаашид  мэргэжлийн болон их сургуулийн түвшний хөтөлбөрт хүний эрхийн боловсрол олгохоор зорьж байна” гэв.


Хурлаар Япон, Энэтхэг, Тайланд улс хүний эрхийн боловсрол олгож буй сайн туршлагаа хуваалцсан юм.


Тайландын Эмнести Интернэшнлийн кампанит ажлын зохицуулагч Петчарат Саксиривэткүл хэлэхдээ, "Хүний эрхийн боловсрол олгоход хамгийн чухал зүйл бол эхлээд одоогийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгээ үнэлж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй.  Ингэхдээ дан ганц ямар боловсрол олгож, юу зааж байна вэ гэдгээс гадна хүний эрхийн талаар ярилцах аюулгүй орчин бүрдсэн үү гэдэгт анхаарах нь чухал. Манай улсын хувьд хүний эрхийн идэвхтэнүүд боловсролын салбартай нягт хамтарч ажилладаг нь давуу тал. Цэцэрлэгт эрх үүргийг илүү зааж, бага ангид амьдрах, амьд явах, оролцох эрх, анги дээшлэх тусам улс төрийн эрхийг заадаг. Харин их дээд сургуульд дан ганц хүний эрхийн ойлголт өгөхөөс гадна шийдвэр гаргахад нь тусалдаг. Тухайлбал, профессорууд, сурагчидтай тухайн хичээлийн хүрээнд уулзаж, хүний эрхэд тулгарч буй асуудал болон ямар гаргалгаа байгаа талаар хэлэлцдэг. Монгол Улсын хувьд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид юун дээр ажиллах хэрэгтэй вэ гэдгээ хамтран ярилцаж байгаа нь маш сайн жишээ гэж харж байна" хэмээв.


Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийг 2005 оноос хойш үе шаттай баталж, бүх салбарт хүний эрхийн боловсролыг тусгахыг улс орнуудад уриалсан бөгөөд 5 дугаар үе шат нь 2025-2029 оныг хамруулж, хүүхэд залуучуудад хүний эрхийн боловсрол олгохыг гол чиглэл болгожээ. 

 









Холбоотой мэдээ