Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд гал түймрийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв.
Түүний мэдээлснээр Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд өчигдөр ой, хээрийн гурван гал түймэр нэмж бүртгэгджээ.
Энэ талаар ярихдаа, “Өчигдрийн байдлаар Онцгой байдлын газарт бүртгэгдсэн 12 ой, хээрийн гал түймрийн тав нь буюу Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хүдэр суманд гарсан гал түймрийг цурманд оруулсан ч шинээр нэмж, гурван түймэр бүртгэгдлээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд өчигдөр ой, хээрийн гал түймэр гарав. Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан гал түймэрт автомашинтай очих боломжгүй учраас зэвсэгт хүчний нисдэг тэргээр ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажилласан алба хаагчдыг Төв аймгийн Эрдэнэ сум руу шилжүүлэн ажиллаж байна” хэмээлээ.
Тэгвэл Хэнтий аймгийн Батширээт сумын “Баруун тас” гэдэг газар гарсан ойн түймрийг өчигдөр цурманд оруулсан бол өнөөдөр 09:15 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар 1.32 га талбай өртжээ.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч
генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр
нараар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн,
27 автомашинтай ажиллаж байна.