Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-26 15:59:15

БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог Хятад улс хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойн асуудлаарх хэлэлцээг сэргээхэд бэлэн байна. Энэ тухай Хятадын эх сурвалжуудын ярьсныг эш татан The Wall Street Journal сонинд бичжээ.  


Уг хоолойг барих ажил үнийн болон өмчлөлийн маргаанаас үүдэн зогсонги байдалд орсон юм. Харин Израил, Ираны хооронд дэгдсэн дайн нь Ойрх Дорнодоос газрын тос, хий нийлүүлэх нь хэр найдвартай вэ гэдэгт эргэлзэхэд хүргэлээ. Тодорхой хэлбэл, Хятадын эрх баригчид дээрх хоёр улсын хооронд тогтоосон гал зогсоох тухай хэврэгхэн тохиролцоонд итгэхгүй байгаа юм.


Зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг Rystad Energy компанийн мэдээлэлд дурдсанаар, Хятад улс импортын шингэрүүлсэн хийн 30 орчим хувийг Ормузын хоолойгоор дамжуулан Катар ба АНЭУ-аас авдаг ажээ. Нөхцөл байдал тогтворгүй, урьдчилан таамаглахын аргагүй байгаа учраас хуурай газраар тавьсан хоолойгоор хий авах нь геополитикийн хувьд давуу талтай хэмээн Хятадын удирдлага үзэж байгаа нь Орост ашигтай гэдгийг Хятад-Оросын харилцааны асуудлаар мэргэшсэн шинжээч Александр Габуев хэллээ.


Д.Трампын засаг захиргаа Орос, Хятад хоёрыг хагардуулахыг оролдож буй энэ үед Бээжингийн эрх баригчид Москватай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд хийн хоолойн асуудлыг дахин хэлэлцэх нь энэхүү хэлхээ холбоог өргөжүүлэхэд тус дөхөм болно  гэж WSJ-гийн эх сурвалжууд ярьжээ.  


Ялалтын баярын үеэр ОХУ-д айлчилсан Хятадын удирдагч Ши Жиньпин “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлыг дахин хэлэлцэхээр Оросын талтай тохиролцсон юм. Оросоос жил бүр нэмэлтээр 50 тэрбум шоо метр хий худалдан авахыг В.Путин Хятадын талд олон жилийн турш ятгасаар байгаа боловч үр дүнд хүрээгүй билээ. Харин одоо Бээжин үнийн асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж Bloomberg агентлагийн тоймч дүгнэжээ.


Барьж эхлээгүй байгаа “Сибирийн хүч-2” хоолойгоор дамжуулах хийг Оросын дотоодын үнээр нийлүүлэхийг Хятадын тал шаардсаар байсан бол харин одоо “Сибирийн хүч-1” хоолойгоор нийлүүлж хийн үнэ ба Оросын дотоодын үнийн зөрүүг хэлэлцэхэд бэлэн байна. Уг хоолойг 2019 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд 2024 оны 12 дугаар сараас бүрэн хүчин чадлаар ажиллаж, жилд 38 тэрбум шоо метр хий нийлүүлж байгаа юм.


Харин Монголын нутгаар дайрах “Сибирийн хүч-2” хоолойгоор Ямалын хойг дахь ордоос хий нийлүүлэх юм. Гэвч Хятадын тал Оросоос шууд Хятад руу хоолой тавихыг /Сибирийн хүч-1-тэй адил/ сонирхож байгаа ажээ.  

Холбоотой мэдээ