Безосын хурим Италид олон тэрбум долларын орлого оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-06-28 18:05:42

РОМ, 2025 оны зургаадугаар сарын 28 /Reuters/. Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг, "Amazon" компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос, телевизийн хөтлөгч асан Лорен Санчес нарын Венец хотод болж буй тансаг хурим Итали улсын эдийн засагт 1.12 тэрбум орчим ам.долларын орлого оруулах төлөвтэй байгаа тухай тус улсын Аялал жуулчлалын яам мэдээлжээ. 


Венец хот оршдог Венето бүсийн захирагчийн мэдээлснээр, 200-250 зочин уригдсан энэхүү хуримын ёслолын нийт зардал 47-56 сая ам.доллар орчим болж байгаа аж. Харин Италийн Аялал жуулчлалын яамны тооцоолсноор, Безосын хурим нийтдээ 1.12 тэрбум ам.долларын эдийн засгийн өгөөжийг тус улсад авчрах бөгөөд үүний ихэнх хэсгийг хуримын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн хүрээнд мэдээлж, Венец хот, Италийг сурталчилснаас олсон орлого бүрдүүлэх ажээ.


Үлдсэн хэсэг нь шууд болон шууд бус зардлуудаас орох бөгөөд зочид 33.3 сая орчим ам.долларыг зочид буудлын төлбөрт, 20.6 сая орчим ам.долларыг тээврийн зардалд зарцуулах төлөвтэй байна. 


Безосын хуримын зочид Венецэд хүрэлцэн ирсэн тухай өмнө нь Италийн "La Repubblica" сонин мэдээлжээ. Хуримын зочдын дунд АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нөхөр Жаред Кушнерийн хамт, Иордан улсын хаан II Абдаллагийн гэргий, хатан хаан Рания, нэрт хөтлөгч Опра Уинфри зэрэг алдартнууд байгаа бөгөөд Уинфри хувийн онгоцоор Венецэд хүрэлцэн иржээ.

Холбоотой мэдээ