ЗАВХАН: Хөнгөлөлтэй зээл олгосноор 256 ажлын байрыг бий болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-27 14:38:55

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ жил Улиастай сумын Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.


“Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 хэсэг, хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн байна.


Улиастай сумын Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд энэ онд хамрагдсан таван хоршооны үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.

Тухайлбал "Сод эрдэнэ зул" хоршоо нь Хоршоог хөгжүүлэх сангаас 50 сая төгрөгийн зээл авсан.


Төслийн хөрөнгөөр түүхий эд материал худалдан авч хоршооны шинэ 3 гишүүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Тус хоршоо 2014 онд 9 гишүүнтэй, төмөр хийц үйлдвэрлэлийн чиглэлээр Жаргалант багт улирлын чанартай үйл ажиллагаа явуулж эхэлжээ.


Хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаас хойш үйлдвэрлэлээ өргөтгөж, төрөл бүрийн загвар, хэлбэр хэмжээ, өнгө хийцийн сонголттойгоор 7-10 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн.


Блокийн хаалт, цонхны хамгаалалт, аваарын шат, төрөл бүрийн хайс, бог болон бод малын зөөврийн хашаа, хашааны гүйдэг, нугастай хаалга, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохионы шон, хогийн сав, зөөврийн сууцыг хийж байна. Үйл ажиллагаа нь жигдэрч захиалга тасрахгүй байгаа бөгөөд эдүгээ 3-5 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.


"Жин Жинст" хоршоо нь 9 гишүүнтэй, эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж ажилладаг хоршоо юм. Эднийх эмэгтэйчүүдэд орлого олох боломжийг өгч шинэ зүйл сурах, орон нутагтаа шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой эмэгтэйчүүдийг нэгтгэж үйлдвэрлэлээ явуулдаг.


Эсгий малгай, шаахай, гутал, төрөл бүрийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнес хөгжлийн чиглэлээр Богдын гол багт өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна.


Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй төслөөс 40 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөжээ.


Төслийн хөрөнгөөр гутал уллагааны машин, зузаан оёоны машин, 4.5 тн штамб, нимгэлгээний машин гэхчлэн тоног төхөөрөмж, материал худалдан авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.


Шинээр хоёр эмэгтэйг хоршооны гишүүнийр элсүүлж ажлын байраар хангаж, нийт 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Бүтээгдэхүүний борлуулалт сайн, захиалга ихтэй байгаа тухайгаа ярилаа. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан хоршоодын үйл ажиллагаа хэвийн, зээлийн эргэн төлөлт хэвийн тогтвортой байна.


Хоршоог хөгжүүлэх сан нь сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоогоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилготой.


ХХААХҮ-ийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх хяналт тавих журмыг баталж, шаардлага хангасан хоршоонд жилийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийг 60 хүртэл сарын хугацаагаар олгож байна.


Энэ журмын дагуу Улиастай сум 2011-2025 онд нийт хүнс үйлдвэрлэл 105, хөнгөн үйлдвэрлэл 187, газар тариалан 100, мал аж ахуй, арьс шир, ноос боловсруулах 41, барилгын материал, мод модон эдлэл үйлдвэрлэл 91, ахуйн үйлчилгээ 54, бусад 98 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 676 иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, хоршоонд хөнгөлөлттэй зээл олгожээ.

Эдгээр аж ахуйн нэгж, хоршоо, иргэнд 4 тэрбум, 131 сая гаруй төгрөгийн зээл олгож, 256 ажлын байр шинээр бий болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай хэрэгжүүлж байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Жин Жинст хоршооны үйл ажиллагаатай танилцав


Сод эрдэнэ зул хоршоо нь төмөр хийц үйлдвэрлэлээр 7-10 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна

Холбоотой мэдээ