СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 4 суманд 5 ойн хээрийн түймэртэй байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-25 11:17:10

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн 9:00 цагийн байдлаар нэг түймэр цурамд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай байна.

 

Тодруулбал тус аймгийн Алтанбулаг сумын Цөх 3-р баг Доргон толгой гэдэг газар гарсан ойн түймэр,

Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутаг дахь Товхон хан уулын ар Хоорондын ам гэдэг газар гарсан ойн түймэр,

Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн Даваат гэдэг газар гарсан ойн түймэр,

Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Ялбаг “Асгатын ам” гэдэг газар гарсан ойн түймэр асаж байна.

 

Харин Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр багийн Самдан шовх гэдэг газар гарсан ойн түймрийг 6-р сарын 24-ний өдрийн 19:05 цагт цурамд оруулсан байна.

 

Ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны болон орон нутгийн иргэд ажиллаж байна.

 

Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.