ЗАВХАН: Цахим орчинд хувийн нууцаа хамгаалах талаар иргэдэд зөвлөн тусалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-11 13:40:26

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас орон даяар хэрэгжүүлж буй “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх тавдугаар аян”-ыг Завхан аймагт эхлүүллээ.


Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас тус аяныг тав дахь удаагаа улс орон даяар хэрэгжүүлж байна.


Үйл ажиллагааны нээлтэд Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил оролцож, аймагтаа төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудыг оролцогчдод танилцууллаа. Аяны хүрээнд төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяагаар ахлуулсан ажлын баг Завхан аймагт 10, 11-ний өдрүүдэд ажиллах юм.


Энэ үеэр аймаг, сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгч, ажлын алба, төрийн албан хаагч, багийн Засаг дарга нарт цахим хөгжлийг дэмжих хууль, тоон гарын үсгийн хэрэглээ, цахимаар ур чадвар олгох дадлага ажил, цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч зөвлөн тусалж байна. Мөн ахмад настан, тусгай хэрэгцээтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, малчид, иргэдэд зориулсан сургалт хийж байна.


Сургалтаар цахим оролцоо, хиймэл оюуны хэрэглээ ба боломж, цахим орчин дахь зохистой хэрэглээ ба хувийн орон зай, хувийн нууцаа хамгаалах, цахим орчныг аюулгүй ашиглах, төрийн үйчилгээг цахимаар авах боломжийн тухай мэдээлэл өгч нөлөөллийн ажлыг хийж байгаа тухай Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх тавдугаар аян 12 дугаар сарын 5 хүртэл гурван сарын хугацаанд үргэлжилнэ. Гурван сарын хугацаанд 80 мянга орчим иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газарзүйн байршил үл харгалзан цахимаар авах ур чадвар эзэмшүүлэх юм.


Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, Завхан аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь гурван байршилд байрших үндсэн "Хурдан" цэг болон 22 сумын үйлчилгээний операторуудаар дамжуулан иргэдэд төрийн цахим үйлчилгээг үзүүлж зөвлөн тусалж байна.

Холбоотой мэдээ