Хөгжлийн банкны орон тоог бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-24 14:16:06

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгох, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлд бодлогын түвшинд анхаарч, шат дараатай хэрэгжүүлж байна.


Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, тусгай активын удирдлагыг боловсронгуй болгох, ил тод байдал болон хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа аж.


Энэ хүрээнд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл маргааш хуралдаж, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэн 10 газрыг зургаа, 25 хэлтсийг 16 болгохоос гадна удирдах албан тушаалтны тоог 40 хувиар, 145 албан хаагчийг 99 болгож бууруулахаар болсон байна. Ингэснээр хоёр тэрбум орчим төгрөг хэмнэхээр тооцжээ.


Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, хэвийн тогтвортой түвшинд хүртэл цомхон, мэргэжлийн баг ажиллуулах чиглэлийг Засгийн газар баримталж байгаа бөгөөд цаашид улс төрийн нөлөөллөөс ангид, удирдлагын мэргэжлийн багаар удирдуулах үүргийг банкны Хувь нийлүүлэгч болон Төлөөлөн удирдах зөвлөлд албан ёсоор даалгасан байна.

Холбоотой мэдээ