Улсын гуравдугаар төв эмнэлэг 2025 онд мэдрэлийн мэс заслын таван шинэ технологийг нутагшуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлэг 2025 онд мэдрэлийн мэс заслын чиглэлээр дэвшилтэт таван шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулан гадаад руу чиглэсэн урсгалыг бууруулсан байна.
Энэ онд тус эмнэлэг тархи, нугасны 1908 нээлттэй мэс засал хийснээс хортой болон хоргүй хавдрын 346 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 104 тохиолдол нь мэс заслын хувьд хүндрэлтэй, тархи нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Хийсэн мэс заслын 110 нь 16 хүртэлх насны хүүхэд байсан аж. Нэвтрүүлж нутагшуулсан технологиудаас дурдвал, тархины гүний байрлалтай хавдрыг навигаци хяналттай, дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь мэс заслын үеийн хүндрэл болон дараах хүндрэлийг 15-20 хувиар, эмнэлэгт хэвтэх хугацааг 3-5 хоногоор бууруулав. Түүнчлэн харвалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүрээний артерийн өөхөн товрууг авч, цусны урсгал сэргээх (CEA) мэс заслыг эх орондоо анх удаа нутагшуулсан 28 тохиолдолд эмчлэн, тархины харвалтын эрсдэлийг бууруулах чухал алхам болж байна.
Тэгвэл хүзүүний нурууны бага хөнөөлт дурангийн мэс заслын аргыг ашиглан нийт 15 тохиолдолд эмчилгээ хийж, өвчтөний хөдөлмөрийн чадвар сэргэх хугацааг богиносгосон давуу талаараа онцлог юм. Харин тархины High-Flow Bypass (Өндөр урсгалт судасны залгалт) мэс засал нь тархины том диаметр бүхий артерын судасны хүнд зэргийн нарийсал, бөглөрөл, хавдар, цүлхэн зэрэг шалтгаанаар тархины цусны урсгал алдагдах эрсдлээс сэргийлэх, тархийг шинэ судасжуулалтаар хангах өндөр түвшний мэдрэлийн мэс заслын дөрвөн тохиолдлыг эх орондоо хийжээ.
Тус эмнэлэг өөрийн төсвийн санхүүжилт болон “Хүрээ” ротари клубийн хандиваар Тархины гүний хавдар болон тархины усжилтын мэдрэлийн мэс заслын дурангийн чиглэлийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр иргэд эх орондоо дээрх төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хямд өртгөөр чанартай авах боломж бүрдүүлж, гадагшаа гарах эдийн засгийн урсгалыг 1.9 тэрбум төгрөгөөр буруулсан байна.


Улаанбаатар