БАЯНХОНГОР: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны 16:42:16-д Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл мөн өдрийн 19:39:28-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 23км, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун зүгт 42км, Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвөөс зүүн урд зүгт 57км-т гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Тухайн өдрийн газар хөдлөлтүүдэд хүн ам, мал амьтан, барилга байгууламжид учирсан хохиролгүй бөгөөд чичирхийлэл тухайн орчмын иргэдэд мэдрэгдсэн мэдээлэл байна.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн
-Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд,
-Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд,
-Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.
Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг.
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.
Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгджээ.
Улаанбаатар