Охин дүүгийнхээ төлөө баатар шиг амьдарч буй шавь минь

МОНГОЛ ХЭМНЭЛ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-19 09:16:18

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хэдийгээр би эмэгтэй багш ч, 10 насаар бага эрэгтэй дүүтэй болоод ч тэр үү ахлах ангийн хөвгүүдийн сэтгэл зүйг маш сайн ойлгож мэдэрдэг юм.


Нэг өдөр “Чиний мөрөөдөл юу вэ?” сэдвээр зохион бичлэг бичүүлэхэд 12 дугаар ангийн нэг хүүгийнх содон тусав. Мөрөөдөл гэхээс илүү, өөд болсон ээждээ амлан, “Тантай минь усны дусал шиг адилхан охин дүүгийнхээ сайн сайхны төлөө баатар шиг амьдрахыг хүсэж байна” гэж. Хичээлдээ муугүй сурдаг, хийн гар буудлагын мэргэжлийн тамирчин тэрбээр АНУ-д байгаа ах руугаа явах төлөвлөгөөтэй. Өвлийн амралтаас өмнө олон улсын шалгалтад бэлдэх англи хэлний сургалтад тэрбээр хамгийн эхэнд бүртгүүлснээр бид групп чат үүсгэн хичээлээ эхэллээ.


Гэтэл хүү хэд хоног хичээлд ирэхгүй, өвчтэй гэж байснаа нэг орой чат группт “Манайхаан, би 9 мм сумтай буугаар толгойдоо буудвал газар дээрээ нам үхэх болов уу” гэсэн зурвас ирэх нь тэр. Бэлтгэлдээ 2-3 төрлийн буу хэрэглэдгийг нь мэдэх учир би ангийн багшид нь эсвэл сургалтын менежерт хэлэх үү гэхчлэн түмэн зүйл бодож сандарсан ч зөвхөн бидний группт бичсэнийг бодоод өөртэй нь холбогдлоо. "Эм уугаад ч болтугай хичээлдээ хүрээд ирээрэй, багш нь чиний дуртай Bubble Tea-г авч өгье" гэхэд “За багш аа” хэмээн хариулав. 


Муу зүйл битгий хийгээсэй хэмээн залбиран нойргүй хонолоо. Харин маргааш нь маск зүүж ирсэн шавьтайгаа сургуулийн дэргэдэх кафе оров. Аавдаа нүүр амаа булдруу болтол зодуулжээ. “Багш аа. Ээж байхгүй, аав надад дургүй. Би хэнд хэрэгтэй юм, амьд явах хүсэл алга, үхмээр байна” гэдэг байгаа. Өөрсдийгөө аавынх нь оронд тавиад хэсэг ярилцаад, аав нь ч хүүгийн адил ганцаардаж, уй гашууд автсаныг ойлгов. Аав нь чамайг хичээлээ хийсэнгүй гэж зодсон бол одооноос хичээе, гол нь чи ээждээ, “Охин дүүгийнхээ баатар болно” гэж амласан шүү дээ. Сургуулиа төгсөөд дэлхийн боловсрол эзэмшиж, ганцаардсан аавдаа ч туслаарай. Чи чинь баатар шүү дээ” гэхчлэн удтал хөөрөлдсөний эцэст хүү “Нээрэн л тийм дээ” хэмээн урамшаад, дахиж бууны тухай бодохгүй гэж надад амлав. Тэр өдрөөс хойш “Чи бол өнөөдрийн баатар” гэж урамшуулсаар, хүү ч хичээсээр шалгалтуудаа сайн өгч төгссөн юм. Баатар маань одоо АНУ-д сүйт бүсгүйтэйгээ сайхан амьдардаг даа.

 

Англи хэлний багш Б.Мандухай 

 

Холбоотой мэдээ