ХӨВСГӨЛ: Ээлжит бус 10 дугаар хуралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаан боллоо.
Тус хуралдаанаар Мөрөн хотын эдэлбэр газрын зураг, эргэлтийн цэгийн солбицлыг тогтоож, саналыг уламжлах тухай, Хатгал хотын эдэлбэр газрын зураг, эргэлтийн цэгийн солбицлыг тогтоож, саналыг уламжлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал Монгол Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор Улс, орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотын байршлыг тогтоосонтой холбогдуулан Мөрөн сум, Хатгал тосгоныг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох ажлын хүрээнд Хатгал, Мөрөн хотын эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох асуудлыг хэлэлцэн саналыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлэхээр боллоо.
Дээрх тогтоол хэрэгжсэнээр Мөрөн, Хатгал хотын хөгжлийн төлөвлөлт, хот байгуулалтын бодлого, эрх зүйн орчин тодорхой болж, цаашдын тогтвортой хөгжлийн суурь нөхцөл бүрдэх юм.
ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаан 80.4 хувийн ирцтэй эхэлж,
танхимаар 22 төлөөлөгч, цахимаар 11 төлөөлөгч оролцлоо.


Улаанбаатар