Арцан уулын бичээс

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
elbeg_b2004@yahoo.com
2025-09-11 15:22:35

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Намрын тэргүүн сарын шинийн гурванд Дундговь явах урилгатай бүлгээ. Д.Балдан дүүгийнх унагаан тамгалах, бага хүүгийнхээн сэвлэгийг үргээх ёслолуудыг таширлуулан, ойрын жил очиж завдаагүй үүнийг бичигчид могой жилийн намрын эхэн сарын цагаан мэнгэтэй, төгөлдөр сайн улаан барс өдрийг товлон найрын заллага уламжилсан нь учиртай. Тэдэнтэйгээн танилцаад арван жил хэдийнэ улирчээ. Тэр жил Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Баянсан агсан биднийг Дундговийнхоон хэдэн сайхан газраар хөтөчлөн оруулж, өмнө тийш Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуйг үзүүлэхээр жолоочоон өөрийн албаны унаатай гаргаж өгч үйлчлүүлсэн буянтан билээ. Тэрбээр дараа өдөр нь өөрөөн биднийг дагуулан Сүм хөх бүрд, Баруун Чойрын хийд, Бага газрын чулуугаар аялуулж, оюун санаанаас үл арчигдах, дахин эс давтагдах дурсамжийг бүтээсэн түүхтэй. Чухам тэр үед биднийг айраг уулгах “ажил”-аар, Мандалговиос хойш зүглэх цаг дор, замдаан бага үдэд Зүүн шанд хэмээх газар, гаднаан багширтал адуу хураасан айлд буулгасан нь, өчигдөрхөн Цагаан суваргаар аялах үес сургуулийн жаахан охиныхоон ангийн аялалд эцэг эхчүүдийг нь төлөөлөн оролцож яваад биднийг мөнөөхөн айргаар дайлангаа танилцсан Э.Орхончимэг хэмээх бүсгүйнх буюу Д.Балдан дүүгийнх байлаа. М.Баянсан дарга тэгэхэд Д.Балданы эхнэр Э.Орхончимэгтэй хуруу гаргаж, энэ хоёр өгөө аваатай уулган, Сан эмч өөрийгөөн Сайнцагаан сумын дэмбээ наадмын олон удаагийн аварга гэдгээн дурсаж суусан сан. Намар цаг, говь нутгийн айргийн сайхныг амталж, налгар тогтуун, нам гүмхэн байгалийнх нь үзэсгэлэнг бахдах үл мартагдах аяллыг зохион байгуулж ивээсэн Сан эмч гавьяат маань эдүгээ тэнгэрийн оронд ажирсан буй. Мөнхүү аялалд хамтарсан нэрт уран бичээч, монгол бичгийн багш, уран бичлэгийн мастер Д.Ганбаатар маань ч орон зайгаан ханхайлж үлдээгээд эдүгээгээс жил шахмын өмнө хүйлэн хөх огторгуйд хийлэн одов. Тэр үед бидэнтэй хамт аялсан холын зочин, Дээд монголын их эх оронч хүмүүн, монгол бичгийн үнэнч зүтгэлтэн, өвгөн багш, Монгол Улсын их сургуулийн докторант Хашчулуу ах маань ч бас л цар тахлын хүнд үеэр бурхны харьяат болон одсонд харамсаад барамгүй...


Уншигч абугай нар маань уучлан хэлтрүүлэх болов уу. Сайхан үйл явдлын түүхийг эргэж дурсахад түүнийг хамтран бүтээсэн сайн хүмүүс, эрхэм эздийг нь бас өгүүлэхгүй өнгөрөх аргагүй байлаа...


Монгол бичгийн номоон хэвлэлтэд шилжүүлчхээд цээжнээсээн нэгэн том ачаа буулгаж, уужуу амьсгаа татсан улсын заан ах бээр Багабаянд, баз Ш.Дамдиндорж ахын алтан гадас одонгийн мялаалгаас биднийг авч, шөнө дүллэн хариад, зуслан-гэртээн өнжин хонон таатай тухлуулсан тул бид гэртээн ирж хоноод маргааш нь шууд говь руу гарлаа. Баянбууралд хамт амарсан Батаа баз маань ажил ихтэй тул араас очихоор болсон юм. Санасныг бодоход хотоос гарах гэж олон цаг гацсангүй. Дэлгэрцогт сумаас баруун урагш зургаахан бээрийн зайтай тогтоол нуур ус бараадан зусаад намаржиж буй Д.Балдан дүүгийнд үдээс хойшхон хүрвэл сэвлэг даахины найр хэдийнэ цэглээд, хөл хөдөлгөөн татрах талдаан орсон байлаа. Нэг мэдэхнээ нь, найрын эзэн бяцхан хүүгийн даахийг нарны эрт дээр хэмээн бүрмөсөн машиндах гээд зэхэж байх ажгуу. Сандран зүүн санчигны тус газар хэдэн үс өрвөлөг үлдсэн байсанд хадагтай хайч хүргэн ёсолж, ерөөл бэлгийн хэдэн мөр хэлхэж холбон хэлээд хүүхдийн гар цайлгав. Эднийх миний ирж амжаагүй сайн өдөр буюу өчигдөрхөн хулангийн хурдат, зээрэн зүсэмт бага агтсаан тамгалж, айраг исэг болон ёсолжээ. Д.Балдан дүүгийнх сургуулийн хүүхдүүд цуглаагүй байгаа дээр гээд  бараг бүх адуугаан хурааж, отгон жижгээс бусад унагаан ногтолж чагтлан уялжээ. Өнгөрөгч луу жил унагаан уяж амжаагүй тул байдсан гүүнүүдээн хэдэн өдөр ч гэсэн сааж номхруулах нь тун чухалтай байгаа ажээ. Хүн бүл цөөтэй айлд олон унага барьж уях, хамгийн гол нь эх гүүнүүдийг саалинд сургана гэдэг бэрх үйлийн нэг байх. Хоёр жилийн өмнө тохиосон их зудын гамшгийн үеэр эднийх бүх адуугаан нутаг усандаан өвөлжүүлэн, тувт тэжээснээр дүн нуруу бараг төлөв бүрэн авч гарсан нь бахархмаар.



Д.Балдан дүү бол адуундаан амь шигээн хайртай, цагийн дөрвөн эргэлтэд өөрөөн адгуулж гардан малладаг, ажилсаг, малч хүн бүлгээ. Балдан дүүгийнд тэр жил ирэхэд, зургаан сар гарчихсан үед тохиосон хүйтэн борооноор эхүүд нь гэнэт эндсэнээс өнчирч үлдсэн долоон хөөрхөн унага адуун сүргээс зайдуу бөөгнөрөн идээшилж, гэр бараа бараадан, хүн амьтны гар харах нь өрөвдмөөр байсан сан. Түүнээс хойш гэрт нь ирж завдаагүй, басхүү асуухаас халширч байсан нь нууц бус. Сая тугаар Орхончимэгээс сураглавал, гардаж тэжээсэн долоон өнчин унага нь мал болж, баян сайхан сүргийг нь өтгөрүүлсэн тухай сайхан мэдээ сонсвай.



Манагаар өглөө нь яарамгүйхэн гадаалахад тэнгэр бүрхэг, агаар сэрүүвтэр байв. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр малчин хүний ердийн хэвшлээр өглөө эртлэн адуундаан гарч, хоёр гурван азарга сүргээн гилэн залж ирээд, унагаан барин уялж байнам. Унага болоод эх гүүнүүдийн ихэнх сайн номхроогүй байгаа тул хашаанд хийж уургалах арга хэрэглэнэ. Тэгж байтал зөөлөн бороо шивэрч эхлэв. Хагас цаг хэр унага барилцах зуур шиврээ бороо зуны нимгэн хувцас нэвтэлчихлээ. Хувцсаан сольж юүлэх завсар, араас ирж говиор хамт аялах яриатай байсан баз маань ажил гарсан тул очиж амжихгүй нь гэсэн урамгүй мэдээ сонсгов. Уг нь бид цаашлан өмнийн говиор цухас аялах төлөвлөгөөтэй байлаа. Бага үд хэвийх үес тэнгэр онгойх янзтай болж, шиврээ бороо ч татраад ирэв. Баз ирэхгүй нь нэгэнт тодорхой болсон тул эндээсээн хот руу буцах уу, эсвэл нэгэнт говь руу хэсэг тонгойсных цааш жаахан аялах уу гэсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй болов. Өмнөговьд ажиллаж аж төрдөг сэтгүүлч шавь руугаан цахим зурвас илгээж, цаг агаарын байдал асууж тандахад “Говьд цаг агаар сайхан байна аа, Ёлын ам бол мэдээж сайхан” гэсэн хариу нисэж ирсэн тул цааш говь руу аялахаар эргэлзээгүй шийдлээ.


Арай ч дэндмээр олон удаа засмалаан хааж, бөөн тоос шороогоор давхиулсан, бүр хэсэг хэсгээр нь хуулж хаяад зөнд нь орхисон, зам эвдрэлтэй гэсэн бичиг тавиад бүтээн байгуулалтыг умартаж аанайдсан байдалтай Дэлгэрцогт, Луус, Хулд гэсэн Дундговийн гурван ч сумын нутаг, Үл олдохын эс барагдах талыг арайхийн туулаад, Өмнөговийн Цогт-Овоо сумын нутаг залгахад байдал арай дээрдэж, оройн улаан шаргал нартай уралдан алдарт Говь Гурван сайхан уулын Зүүн сайхны дорно бэлд хөглийх Даланзадгад хотын тохилог төвд хүрэв. Сэтгүүлч шавь С.Сумьяа, манай МОНЦАМЭ-гийн сурвалжлагч С.Дэлгэрцэцэг нар хөтөчлөн машинд сууж, бид үдшийн бүрийтэй уралдан Ёлын ам тийш зүглэж байнам. Аймгийн төвдөөн ганцхан газар шатахуун олгож байгаа тул эдний хань нөхрүүд нь бензин авахаар машинтайгаан дугаарлан үлдсэн юм. Гуч шахам бээр замыг толь мэт сайхан засмалаар төдхөнөө туулаад зүүн гар тийш эргэж, шавийн захиалсан буурчийн газрыг зүглэн ирэхэд Дунд, Зүүн сайхан уулсын хоорондох жуулчдын бүсэд цагаан гэгээ тасарч харанхуй залгажээ. Эргэн тойрон монгол гэрүүд эгнэх бөгөөд цөм л гадаад дотоодын аянчин жуулчныг хүлээн авч үйлчилдэг, амрааж тухлуулдаг зуршилтай болжээ. Бид унь тооно, багана хөшиг нь чамин цоохор хээтэй тохилог гэрт орж төвхнөлөө. Зүүн талын гэрт гэхэд л солонгос жуулчид буудаллан, үдэш цахилгаан гэрэлтэй орчинд мах шарж идэцгээх ажгуу. Мөр үзэх газар нэлээд зайдуу зүүн доод талд байх бөгөөд тохилог, мэдрэгчээр асдаг гэрэлтэй, автомашины бүхээгт зүүдэг үнэртүүлэгч сэлттэй тун цэмцгэр ажээ. Харин түүний хойд талд байгаа жижиг байшинг гар нүүр угаах, шүршүүрт орох, хувцас угаах зориулалтаар зэхэн тохижуулжээ. Өмнийн говийнхон, ялангуяа Ёлын амны ойролцоох буурчийн газруудад жилийн жилд гадаадын аянчид түлхүү ирдэг тул тэдний шаардлага шалгуур говийнхныг энэ хэрийн үйлчилгээний түвшинд хүргэсэн болов уу. Д.Балдан дүүгийнх өдөр бидэнд саванд дүүргэж өгсөн Дундговь нутгийн сайхан айргаар хоёр бүсгүйгээн дайлж байх завсар тэдний нөхрүүд шатахуун сэлбэж аваад ирцгээлээ. Ингээд тэд аймаг руу буцаж, бид маргааш өглөө нь Гурван сайхан ууланд алхахаар ийнхүү бэлд нь ирж хоноглож амжлаа. Явахын өмнө шавь С.Сумьяа маань бидний буусан гэрийн төлбөр тооцоог хүртэл хийснээн дуулгахад санаа чилснээн нуух юун билээ.





Эл ташрамд, өмнийн говийн уугал охин, сэтгүүлч, яруу найрагч шавь С.Сумьяагийнхаан тухай хоёр нэг үг хэлэх ёстой гэж бодном. Үүнийг бичигч нэгэн мянга есөн зуун ерэн есөн оны намар, их сургууль төгссөнөөс хойш хоёрхон жилийн дараа анх удаа дээд сургуулийн багш болохоор болж, тухайн үеийн “Улаанбаатар-Эрдэм-Оюу” дээд сургуулийн сэтгүүлзүйн тэнхимд эхлэн багшилсан юм. Багш хэмээгдэж, хичээл зааж үзээгүй туршлага нимгэн, нас залуу намайг энэ л сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутнууд анх удаа “багш аа” гэж дуудан ичээж байлаа. Ийнхүү ардын багшийн эрхэм нэр алдрыг хайрласан эхний шавь нарын маань нэг бол эдүгээгийн Өмнөговь аймгийн шилдэг залуу уран бүтээлчдийн нэг, сэтгүүлч, яруу найрагч Сүнжидмаагийн Сумьяа болой. Энэ тухайд тус сургуулийн арван жилийн ойгоор “Эрдэмтэй оюунлаг хүмүүсийн их сургууль болно” гэсэн нийтлэлийг “Өдрийн сонин”-д бичиж байсан юм. Тэрбээр нэгэн үе МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сэтгүүлчээр ажиллаж байсны сацуу өнөөдөр сэтгүүлчээс гадна яруу найргийн талбарт авьяас билгээн сорьж, говь нутаг дахь салбарын хамт олноон оройлон удирдахын хамт уран бүтээлийн хэд хэдэн ном хэвлүүлж, хийж бүтээж, дуурсах алдраан өөрийн цуцалтгүй хөдөлмөрөөр олж дархлах ид идэр үедээн яваа шилдэг залуу уран бүтээлч юм. Мэдээж, хамгийн зэгсэн заасан нь монгол бичгийн хичээл байсан биз. Өнөө хэр С.Сумьяа маань багш хэмээгдэх биднээн, мянган жилийн он түүхтэй язгуур бичиг соёлоон хүндэтгэн, төрийн бодлогоон ч дээдлэн сахих, улам дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахын учир, бүтээж нийтлүүлж буй ном бүхнээн, мөн уран бүтээлч нөхдийнхөөн номыг ч заавал босоо монгол бичгээр хадмаллуулан гаргаж, алдаа мадгийг сайтар шүүлгэн, хос жигүүртэй болгон мэндлүүлдэг аруухан бодлоготой, багш бидэнтэйгээн ойр дотно хамтран ажилладаг арга туршлагатай уран бүтээлч болсныг талархан дурдахад таатай байнам.


“Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” гэдэг. Эх хэл бичгийнх нь хичээлүүдийг л тэр үед туршлага нимгэн мөртөл шаардлага “өндөр” залуу багш хэмээгдэх бээр зааж оролдсон төдий. Тэднийгээн сургаж гийгүүлсэн минь юу билээ, харин өөрөөн өөрийгөөн туршин чамбайруулж, гайгүй шиг багш болох зам мөрийг эд маань харин надад хариу хишиглэж хайрласан нь илүү жин дарах болюу. Ардын багшийн сайхан алдар нэр, ариун тэр үйлсийнх нь өгөөж буян дундаршгүй билээ. Эрхэм шавь С.Сумьяа маань хоёр жилийн өмнө төрсөн нутаг Номгон сумандаан биднийг урьж аваачин, алдарт Сангийн далайн хийдийн үүх түүхийг таниулж, зураг хөрөг авах боломж олгосон бөгөөд бидэнтэй хамт явж тэнд судалгаа хийсэн МУБИС-ийн профессор, хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд багштан юань гүрний дөрвөлжин бичгээрх нэгэн дурсгалыг тус хийдийн хаалган дээрээс нээж олж, судалгааны өгүүлэл бичиж баталсан эрдэм билгүүний нэгэн сайхан түүх бичигдсэн билээ.


... Арцат ууланд өмнө нь гурван жилийн өмнө нэг удаа цухасхан ирээд буцсан юм. Тэгэхэд дөрөвдүгээр сарын хорьд гарч, говь нутагт хаврын урь унан, уулын голын зузаан мөс захаасаан сэмэрч ханзраад, тунгалаг рашаан булагс нь түүнийхээн доогуур шуугин жирэлзэж байсан сан. Албан ажлаар, хүмүүстэй яваа хүнд байгаль үзэх цаг боломж гарна гэж юу байх вэ. Энэ удаа манайхан, надаас бусад нь нийтийн хэвшлээр Ёлын ам руу уруудан алхалж, үзэх харах хэмжээндээн хүрээд буцаж эргэх, харин би ганцаар салж, хөндийн ам руу бус түүний хойд уул өөд алхахаар болов. Хэдэн зураг буулгачих санаатай ийм шийдлийг сонгож авсан хэрэг. Хойд уулан дээрээс нь харвал хавцал хөндий урдахаасаан арай илүү харагдана гэж мориор үйлчилдэг нэгэн хөтөч залуу хэлсэн. Өмнө нь нэг удаа ирэхдээн энэ хавцалт хөндийн тал орчимд хүртэл уруудаж үзсэн, ганцаар нөхдөөсөөн түрүүлж нэлээд сонирхсон боловч араас бараа болж явагсад шалмаг, санаа зовонгуй байдалтай гүйцэж ирсэн тул буцахад хүрч байв. Энэ удаа харин амарч яваа учир хэн нэгний цаг, заавар хоёрт баригдахгүй “өөрийн эрхээр зовох”-оор шийдсэн бүлгээ.


Дотоод гадаадын аянчин гийчний хөл барагтай бол тасардаггүй говийн сайхан үзмэрийн умард уулын өвөр энгэрээс эгцлэн мацсаар хагас цаг орчмын дараа, зорьж чиглэсэн нэгэн өндөрлөг дээр гараад ирэв. Миний сонгосон эл өгсүүр замд хад бартаа, жалга асга элбэг бэрх буйгаас гадна арцны бут бөөн бөөнөөрөөн хөлд тээглэн ороолдоно. Анхилуун сайхан үнэр нь гишгиж алхах тоолон хамар цоргино. Өглөөгүүр болоод чийг хөөрснийх үү, эсвэл угаараан нүцгэн, орог хөх өнгөтэй арцны мод тийм их чийг татдаг юмсан уу арц нь их төлөв нойтон байх ажээ. Өчигдөр орой биднийг ирэхийн өмнөхөн энэ Зүүн сайхан ууланд бороо орсон байсан. Тиймдээн жуулчны баазуудаас нааш зүглэсэн замаар өглөө явахад машин тэрэг цөөнгүй мөртөл өчүүхэн ч тоос босохгүй байв. Их халуунгүй өдөр боловч үүрсэн цүнх, аппарат хэрэгсэлдээн түүртсээр нэлээд амьсгаадаж, хөлс гарч, бие тавирч байлаа. Ёлын амны умард эх болсон жижиг голын эхлэл эндээс дурайтал харагдаж, түүний хажуухан толгойн урд үзүүрт зассан морин зогсоол дээр барагцаалбал хагас зуу илүү морьд байнга багшран, сонгож унах эзнээн хүлээнэ. Хүлэг морин эрднээрээн дэлхий даяханд өөрийн орон зай, онцлог төрхийг нэгэнт эзэлсэн монголчуудынхаан төлөөлөл болж нутгийн малчин залуус энд говь нутаг, харьцангуй дулаан уур амьсгалтай давуу талаан ашиглан хавар таван сараас өвлийн эх арван нэгэн сар гартал жуулчдад морь унуулж үйлчилдэг байх юм.





Тэртээ урд доор жуулчид морьтой, явган ирж очицгоох нь өндрөөс шоргоолж лугаа адил үзэгдэнэ. Зүүн талд, Ёлын амны хойд эхний их өндөр хадан хясаа сүндэрлэж, орой үзүүр нь ишигний эвэр адил тэрүүхэндээн шөмбийж мухайн төгсжээ. Түүний дорно этгээдэд нэгэн сайхан налаг хунх буюу үзэсгэлэнт хотос хадан халилын дундаас өвч ногоон өвсөн хивс дэвссэн лүгээ адил өнгө гэрэл ялгарах бөгөөд энд тэндээн ов тов арцан дугуй хээтэй нь торго адил үлэмж гоог урлан байнам. Тэнд хүрч, тэрхүү хивсэн сайхан налгаар алхалж цааш хөтөл дээр нь гарч үзмээр бодогдон яарав. Үзэмжит сайхан хунх руу өгсөхийн өмнө, наад хөндийг нь туулах гэж нэгэн хадан хамар барьж хэжиж хэсэг уруудан, цаад руу нь тонгойж жалганд хүрээд дахин дээш өгсүүрлэнэ. Жалгын наад талын хадан ханыг гатлан өнгийвөл урд талын их өндөр хясааны энгэрт утас мэт цагаан судал зэрэгцэн харагдана. Мөн миний хойд, дээхэн талын хад бас ийм хаш цагаан судалтай байлаа. Бараан хясааны дундуур цайвар цагаан чулуун ийм судас гарсан нь байгалийн бас нэгэн гоц өнгө урлал бөгөөд ямар учиртайг хэн мэднэ. Учиргүй юм гэж нэг ч илүү заяагаагүй орчлон ертөнц гэдэг билээ. Тэрхүү цагаан судал унжсан өндөр хясааны дундаас дээшхэн хэсэгт нь алдарт ёл шувуу үүрээн зассан бололтой, цагаан сангас нь ялгарч харагдана. Явган алхаж буй гэхэд би ёлын үүрний түвшний өндрийг эзэлсэн байх нь ээ. Том жалга гатлах үед хойд дээд өндрийн өвөр нь бас л ихээс их, томоос том хунх өлгий байнам. Энэ хунхад хэрэв зээ бог мал хурааж болдог юм гэвэл мянган мал сэлүүхэн багтаад, завжаараан сагатал өндөр өвс хазлан хивж таргалан жаргахаар газар юм даа. Мал гэснээс энэ хилэн торгон ууланд цөөвтөр адуу, хяр тагаар нь сарлаг мал хааяа тохиолддог билээ. Том хунх нь хотос хуниас бүхэндээн тохой тохой шаргал дэрстэй байна. Тэрхүү дэрс аранзал хүлгийн дэлийг хурц хайчаар нарийн нямбай засаж урласан лугаа адил тэгшхэн жигд, өнгө гэрэл хурц тод үзэгдэнэ. Хажуугаар нь өвч ногоон өвс бүрхэж, түүний дээр хар ногоон арцан дугуйнууд шилэн хөөрөгнөөс азуй асгаж орхисон мэт тод ялгарнам.


Зүүнтээ нэлээд дээр, түрүүхэн дурдаж өнгөрсөн ёлын үүрт хясааны оройгоос ч өндөрт буй өнөөх оюу ногоон, ганц ч асга байцгүй хунх өөд зүтгэлэн, үе үе амьсгаа даран түр зогсосхийнгээ ганц хоёр зураг буулгаж аажим дээшилсээр байлаа. Бүх юм цаг хугацаатай ч, одоо энд, монголынхоон ийм сайхан диваажинд зорьж хүрчхээд юундаан адгаж яарна вэ гэмээр. Энэ цагийн хүмүүс бид яарах бачимдахын зам мөрт баригдагсад. Ялангуяа хот сууринд шавалдан суугчид. Чихэлдэн шавалдахын эрхэнд яарч, яарсандаан басхүү даарч, даарсны учир сэтгэл бодролын ертөнц нь ямагт намуун тайвнаар гачигдахын хуучид нэрвэгдэж явдаг болсоон.







Гэхдээн л хугас өдөрт амжиж энэ уулын оройн хэсэгт гарч, түүн дээрээс дэргэд, урдхан дүүрэгт нуугдан буй, тэнгэрийн их жигүүртний нэртэй хавцал хөндийн харагдах байдлыг зураглах зорилготой, басхүү хавь ойрын болоод алсын барааг ч халиан мэдэрч, дотор сэтгэлдээн болон техник хэрэгсэлдээн буулгаж үлдээх учиртай. Тиймээс нэг амсхийсэн газраан хэтэрхий удаан саатахгүй, сав л хийвэл урагшилж, өгсөн дээшлэхийг эрмэлзсээр авай. Өвч арц агийн анхил хүрээлэн дундуур, сүрдэм хад асга, хэц байцсын хоорондох хунх нугаарх хамба хилэн лүгээ адил хээтэй торгон, илүүн зөөлхөн өвс ногоон өлгий дундуур яарамгүй өгсүүрлэхүй нүд завгүй, патиар татах гар бас амрах боломжгүй, байгалийн сайханд эзлүүлэн, налгар сайхан хунх өөд өгсөхөд өдрийн наранд халууцах тул налаг хөтөл өөд хөтлөх замын голд буй томоохон арцан тойрмын сүүдэртэй хэсгийг бараадахаас өөрцгүй. Арцан тойром дундуураан бяцхан жим том буюу хүн амьтны хаа нэг явдаг ул мөрний ортой нь өгсөхөд арай дөхөмтэй болгож байлаа. Түүнийг даган дээш аажимхан хэжиж байхад өчигдөр оройн бороо энэ ууланд адилхан орсны тэмдэг бололтой, арцгүй шороон хэсгээрээн нойтон байх нь мэдэгдээд, түүн дээр ямар нэгэн амьтан мацаж өгссөн мөр тааралдав. Янгир ямаа... Цөөхөн янгир, намайг энэ уулын баруун биед эхэлж гарч ирснээс эхлэн чимээ авч, энэ том налаг хунхаар зүүн дээш өгсөж, үе үе зогсож чагнан сэртэлзэж, үнэр аван анхаарч, яарамгүйхэн өндөр авсаар давсан бололтой байна. Хэд алхаад хоёр ч удаа нойтон хорголон баас нь тааралдав. Ганцаар явах бол хээр хөдөөд эр хүний жаргал гэж монгол сэтгэлгээ сануулму. Гэхдээн говийн энэ аглаг ууланд ганцаараан яваа үед бас юм юм дутагдах ажгуу. Адаглаад хоёул асан бол, нутгаан сайтар мэдэх нөхөр олж дагуулсан аваас, хамт алхангаа домог түүхийг нь хуучлуулна. Болсон сонин явдлыг нутгийн хүн заавал сэжүүрлэж өчнө. Янгир гөрөөсийг үнэр ажиг авч, үргэж хулжаахгүйн тулд дурандаж, эхэлж өөрөөн олж харах ёстой. Дурангаар барааг нь түрүүлж харж чадсан бол бараа, салхи, чимээ авхуулчихгүйхэн шиг хад асганы далдуур аажим ойртож чадваас бололцооны зураг бичлэг буулгаж болох. Ганцаараан яваа болохоор янгир гөрөөсийг түүнээс урьтаж харах зав, нөхцөл ч байсангүй. Өмнө явсан цөөн янгир ч үүнийг бараг “тооцож үзээд” үлгэрийн орон шиг үзэсгэлэнт налаг хяр өөдөөн айвуухан идээшилсээр давсан бололтой.





Хяр дээр гарч ирлээ. Анх гарсан оройг бодвол нэлээд өндөрт гарчээ. Гэхдээн Ёлын амны хойд уулын тэргүүн оргил нь энэ арайхан биш, дахиад нэг хунх гаталж зүүн өндөр өөд нь гарахад уулын оргилд бараг дөхмөөр харагдана. Яарч боломгүй газарт ирсэн атал хэрдээн яарч, доош уруудан хунхыг гатлахаар алхлав. Зүүн ар өөд нь өгсөж яваад урагш харахад нэгэн содон хадан овоо харагдав. Урд буюу яг Ёлын амны хавцал зүгт харсан, төмбөгөр дух, урт эрүү, пинтүү халимагтай хүний толгой мэт хэлбэртэй хадан овоог байгаль өөрөөн урлан цогцлоожээ. Түүний зургийг буулгахаар дөхөх агшинд хажууханд зэрлэг сонгинын том том бутнууд үзэгдэв. Тогтож, түр амсхийн анзаарвал энүүхэн хонхор тэр чигтээн зэрлэг сонгинын шугуйгаар дүүрсэн ажээ. Уулын цээжинд гарч, хунх нугаар нь уруудан өгсөх бүрийд түрүүнээс хойш л зэрлэг сонгино үе үехэн ягаартан багсайх нь тааралдсаар байсан. Гэхдээн энэ хунхын сонгино хамгийн урт бөгөөд олон бут ургаж, цэцэглэж толгойлон шугуй үүсгэж, доош уруудсан хөндийн хажуу налгийг чимж говийн байгалийн нэгэн шимлэг чанарыг мэдрүүлж өгнө. Нэгэн том сонгинын бутны хажууд камерын цүнхээн буулгаж тавиад зураг авахад цүнхнээс тохой шахам өндөр гарчээ.


Арц агь анхилсан соргог бэлчээрт янгир ямаа тохой хэрийн өвс ногоог хэнтэй ч булаалдахгүй идэж тааваараан идээшилнэ. Сор болсон, эм болсон говийнхоон өвс ургамлаар хооллож, басхүү энэ зэрлэг сонгиноор тэдгээр хоол тэжээлээн хачирладаг гээд бод доо. Янгир байгаа газар ирвэс, чоно заавал дагалдана. Янгирын боловсруулсан эмт, шимт өвс ногоог ирвэс нь ангуучилснаар мах хэлбэрээр зооглоно. Ирвэсийнх нь дээр, тэртээх тэнгэрийн хөх цээлд ёл шувуу эргэлдэнэ. Ирвэсийн иддэггүй хатуу зоог буюу яс үсийг нь үлдвэргүй цэвэрлэж, чөмгийг нь хад чулуутай нийлэн ташиж ёл нь өл шим хүртэнэ. Байгалийн амьтад онгон дагшин, хүч шөрмөстэй, бие биенээн бараадаж, басхүү барьж, нөхөж шүтэн байхуйн утга зохилдлого үүнд нууцлагдму..


Миний одоо, дээр нь камераан хөлөн дээр нь зоож, зураг дүрс тайван буулгаж зогсоо өндөрлөг бол дархан цаазат Ёлын хавцлын хойд, хамгийн дээд оройн нэгээхэн хэсэг юм. Жинхэнэ орой нь нэлээд хойгуур дээхэн харагдах бөгөөд түүн дээр зорьж гарахад мөн л цаг үрэгдэхээр санагдах тул эндээсээн зорьсон, бодсон дүрсээн буулгаж авлаа. Тэртээ дорно зүгт, зүр гур хоёр зөрөлдөн зогсоо мэт зүсэм ижилхэн хэсэг хул шаргал хярын чинадаас Зүүн сайхан уулын болоод төрийн тахилгат Гурван сайхан цогцолбор уулын, ерөөс Өмнөговь аймгийн хамгийн өндөр цэг гурвалжлан харагдана. Түүнээс зүүн тийшлэн арцан чимэгтэй цоохор уулсын хажуу хавирга таширлан Даланзадгад хотын барилга цамхгууд уужим талын дундах соёл иргэншлийн гэрч болох мэт сүүмэлзэн цайвалзана. Эгц өмнө Ёлын амны урд эхний хэц байц, хилэн торго мэт шаргал налаг хунх хосолсон атираа нугачаат хяраас их хадан эрэг мөргөцгүүд хойд хөндий рүүгээн тал бүрээс уруудан нийлсэн нь асар том өвгөн мод мөчирлөн салаалсан лугаа төстэй хэлбэр дүрийг сийлж ургуулна. Зүүн хойно, Дунд сайхан уул бас л Зүүн сайхныхаан арцат уулсын чанадад давхарлан цэнхэртэх бөгөөд тэргүүн дээр нь ариг цагаан үүл хөвсөлзөн хөвөнтөөд, хөл бэлээр нь аянч холч хүмүүсийн тухлах өргөө цагаан гэрүүд ярайх нь хөөрөг хөгжмийн даруул товч мэт үзэгдэнэ.



Ёлын амны хавцал тун нууцлаг газар юм. Орчин үеийн хүмүүс над мэт ууланд явган, тэр тусмаан ганцаар алхах нь бараг үгүй байх. Байдаг хэд нь гэхэд нэлээд цаг завтай, биедээн өвч зэвсэгтэй, алхаж аялах, зураг буулгах хорхойтой, басхүү зохих хэмжээний мөнгө санхүүгийн боломжтой хэсэг буй заа. Тэд ихэнхдээн нисдэг камераар зэвсэглэдэг. Над мэт багын сурсан дадал, байгалийг нүдээрээн харж, хөлөөрөөн хүрч үзэх сонирхлоор өндөр өөд тэмүүлж, дроныг биеэрээн орлуулж зураг дүрс цуглуулж үзэх гэдэг хүн өнөөдөр бараг үгүй болсон байх. Гэвч үүнийг бичигчийн хувьд энэ бол амралт, тайтгарал, хот суурин газарт уйд болтол суухад биед хуримталсан сэтгэлийн зовниц, бухимдал сэлтээс ангижрах сонголтын хэлбэр юм. Тиймээс өөрийн эрхээр “зовон жаргахаар” энэ уул өөд тэмүүлсэн хэрэг.


Өндрөөс буухдаан биеийн амрыг бодвол, зүүн доош нэлээд уруудаад хад асгагүй налуу энгэрт хүрч, түүнийг даган хавцал хөндий руу алхаад дөтлөхөөр байлаа. Гэвч тэгсэнгүй. Ёлын амны хойд өндөрлөгөөс хөндий тийш уруудсан байц хад ихтэй хамар барин адармаатай замаар босон суун уруудлаа. Хавцал яг хаанаас, аль хэсэгтээн дээрээсээн ил харагдахыг олоод харчих хүсэл буун буутал сэтгэл эзэмдсэн хэвээр. Зарим үед гутал халтирч, ууцаараан гулсах ч тохиол гарав. Гэхдээн арай ч ойчиж гэмтэх хэмжээнд хүрээгүй. Энэ нь төрж өссөн нутагтаан, Говийн Алтайд, Залаажинстийнхээн царамд хурга ишиг хариулж, хонь малаан өндөрт бэлчээж, хадат уулсын өлгийд хүн болсных юм аа.


Хүн хэдий өндөрт гаравч бог малын салбант сархинаг шиг атираа хуниас олонтой ёлын хавцлыг дрон шиг эгц дээрээс нь бүтэн зураглаж яахин чадах ажээ. Гэхдээн эх орныхоон ийм ижилгүй сайхан газрыг өөрийн зорьсон өнцгөөс боломжийн хэмжээнд дүрс дуранд шингээж авсандаан сэтгэл дүүрэн буусан билээ. Жигүүр дутуу заяасан хүн хэмээх бодгаль, нисдэг аппарат сэдэж бүтээснээр түүнээн нөхөн цөлбөж, өөрийн хүрч үл чадах газарт хүрч, “мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй, мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй” газраас дүрс бичлэг буулгах нь хөгжил дэвшлийн бахдал баяр, техник технологийн үр өгөөж гэдэгтэй хэн маргана. Гэвч арц анхилсан тансаг агаараар нь алхам тутам амьсгалж, асга байцсынх нь сүр барааг бишрэн, хилэн торго мэт өнгө солонгорсон монголынхоон үзэмжит уулыг биеэр явж ажсан сэтгэлийн догдлол, дотоод мэдрэмж, тайтгарал ханамжийг зөвхөн амьд хүн л эдэлж, оюун ухаант бодгаль л мэдэрнэм буюу.


... Ёлын амны рашаан булаг булгилан хөгжимдөж, түргэнээ долгиотон харгих хавцал хөндий нэгэн үе тавиуран сайр мэт задгайдуу болж хэсэг яваад зүүнтээ дахин уулсын хөндий рүү шурган далд болсон харагдана. Бодвол уулын энэ гол дахин тэгтлээн нарийсаж хавцал, богоч тохиолддоггүй биз ээ. Чухам энэ хэсгийн чанх хойд хамар дамжин доошилсоор хавцал дээр сая нийлэн ирэв. Энэ нь гурван жилийн өмнө миний уруудаж хүрсэн цэгээс арай зүүн талд байсан нь азтай хэрэг. Буцахаар барагцаалсан цагаас нэлээд хэтэрч байх тул хавцлыг өгсөн, үзэхээн үзээд буцах замдаан шуудран орлоо. Хавцлын хажуугийн эгц хясааны зарим хэсгээс ус рашаан шүүрэн бууж байх нь харагдана. Уулын голын хажуугийн хад асга заримд хэдэн арван метр эгц хана хэрэм болно. Дээд тал нь хоёр зуун метр өндөр хүрдэг тухай ч уншиж байсан. Тэрхүү өндрийг гэрэл зургаар мэдүүлэхийн тулд хавцлаар туулж буй хүний зурагтай харьцуулах нь зүй мэт. Тийм нэгэн зургийг гурван жилийн өмнө буулгаж байлаа. Ёлын амны урд хэсэгт, хойд талынхаасаан дутуугүй өндөр цавчим асга байцас хүрээлэх бөгөөд тэдгээрийн дундаас зарим жижиг горхи усан хөшиг үүсгэн хөндий рүүгээн унах нь өвөрмөц үзэмжийг урладаг байна. Тэрхүү хадан дэвсгэртэй бичил горхины ус маш нимгэн бөгөөд зарим хэсэг нь өнгө бүрийн цэцгэн дунд, бумбанаас гоожих рашаан эрдэнэ болон дусагнаж байдаг нь байгалийн ховор цэнгэг анагаагч болов уу.









Ёлын хавцал басхүү их том биш боловч хоёр гурван метр хэрийн өндрөөс налуу хад даган үсчиж шуугин буудаг, айраг исэг мэт ариг цагаанаар хөөсөрдөг хүрхрээтэй байна. Нэлээд түрүүн биднийг хойд уулын оройд явахад үе үехэн чихнээс хонх уях үхэр хулганын час час хийх дуунаас гадна уулын хавцалд ус шуугих чимээ сонсогдсон нь энэ хүрхрээнийх байсан бололтой. Уг хүрхрээ нь хавцлынхаан тэг дунд орчимд байдаг ажээ. “Хүрхрээ үзэв үү, та нар хүрхрээ хүртэл явсан уу” гэх мэтээр нутгийн хүмүүс иссэн айраг лугаа адил хөөсрөн шуугидаг эл сайхан байгалийнхаан үзэмжээр баримжаа, бахархал болгон байдаг. Энэ удаа намрын эхэн сарын шинэдээр явсан би Ёлын аманд, хангил их хавцал хясаадых нь хаанаас ч, мөсний өчүүхэн төдий хэлтэрхий ч олж харсангүй. Зун намрын дулаан цагаар олон удаа ирж үзээгүй учир урьд өмнө нь тийм байсан, одоо ийм болж гэж харьцуулах, халаглан шогшрох баримт үгүй байнам. Дэлхийн дулаарлаас энэ газрын мөс зундаан хайлдаг болчихсон уу, эсвэл...







Тэртээ, огторгуйн уудамд ёл шувуу тайвнаар элин нисэлдэнэ. Завсар чөлөөгүй хүн зон ирж буцах эл хөндийд нь нийгэм иргэншлийн нөлөө ер болоогүй мэт, юу ч өөрчлөгдөөгүй юм шиг, аниргүй амгаланг дүрлэн ёл шувуу тэнгэртээн эргэлднэм. Зүүн сайхан уулын эзэн сахиус болсон цагаан элэгт эл жигүүртэн говийн байгальд өөрөөс нь заяасан их хараач, эгэлгүй хянагч дрон нь бүлгээ. Хажууханд, Ёлын амны эх эхлэл бологч өмнөд, хойд хоёр гол нийлэн хоржигнон хөгжимдөнө. Хүний хөл хүрээгүй аглагт, атираа хуниас дүүрэн, өег дулаахан энэ уулс хамба торго лугаа адил элүүн зөөлхөн, сод зураачийн өнгө ялгасан суут бүтээлээс ч үлэмж урнаан гайхшруулан, нүд сэтгэл соронздож, эзэн биднийхээн ижилгүй хувь заяаг мэдрүүлэн бахархуулсаар л. Эх орны минь нэгэн хувь ганц, үзэмжит байгаль Ёлын ам бидний бүгдийнх нь өмч, залгамж хойчдоон энэ хэвээр нь дутуугүй өвлүүлэх ёстой дархан уулс, монголын минь говийн гайхуулга үзмэр юм. Хэнээр ч захируулахгүй сонгон хүрч ирж аялаад, юунд ч баригдахгүй үзэж харж, сэтгэлийн амар амгаланг хүртэн таашаах агуу, аглаг уулсын өлгий, алаг үүлсэн дээвэрт Гурван сайхан уул тандаан мэхийе.


                                                                                                                                                                    Ёлын амны урд эх



Зөвхөн зураг буулгах зэвсэг үүрч, нүдээр харах, сэтгэлдээн мэдрэх зорилго өвөрлөж, аппарат хэрэгслийн товч л дуугаргаж, арц агийнх нь мөчрийг үл хөндөж, зэрлэг сонгиных нь соор сорсоос ганцыг ч эс тасалж, асга шаргиулалгүй, амьтан үргээж цочоохгүй аялж, жаргалын оргил-сэтгэлийн амгаланг олж тайтгарав. Зорьж ирж, бахдан гайхширч бүхүй гадаад дотоодын аянчин жуулчин, амрагч судлаач усан нүдтэн, цусан зүрхтэн хэн бүхэн энэ ёс зүйг чандын журам болгууштай.


                                                                                                                                            Б.Элбэгзаяа /МУСГЗ/


                                                 Мандалын говь-Даланзадгад хот-Зүүн сайхан уул-Улаанбаатар.

                        Могой жилийн намрын тэргүүн сар

Холбоотой мэдээ