Д.Амарбаясгалан: Парламентын залгамж чанар нь бүрэлдэхүүн солигдох цаг хугацааны тухай ойлголт биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-12 12:01:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойд зориулсан “Парламентын залгамж чанар” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь санан дурсах төдий арга хэмжээ бус харин парламентын залгамж чанарыг судлах, ардчиллын баталгааг хэрхэн хангаж ирснийг эргэцүүлэн дүгнэх, сургамжаа ярилцах, ард түмэн засаглах эрхийн ач холбогдлыг таниулан сануулах, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бэхжүүлэх өндөр утга учиртай. Парламентын залгамж чанар нь зөвхөн парламентын бүрэлдэхүүн солигдох цаг хугацааны тухай ойлголт биш юм. Энэ бол хууль тогтоох институцын тасралтгүй үргэлжлэл, ажлын соёлын залгамж холбоо, ард түмний эрх зүйд итгэх итгэлийг хадгалах чадвар, төрийн зөв, оновчтой бодлогын тогтвортой байдал, ардчиллын үнэт зүйлсийг үеэс үед тээн хөгжүүлэх үнэт өв гэсэн өргөн хүрээнд яригдах ойлголт юм” хэмээн онцлов.


Улсын Бага Хурлын гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан илтгэлдээ “Монгол Улс хэзээнээсээ парламентын уламжлалтай орон. Парламентат ёсны үндэс суурийг зөвхөн 1990 оноос тавьсан гэж үзэх нь өрөөсгөл юм. Парламентат ёсны угтал үеийг Монголын нэгдсэн төр улсаас Олноо өргөгдсөн Монгол Улсын үеийг хамруулж болох талтай. Үүний дараа буюу парламентат ёс хэлбэрээ олж, эхлэлээ тавьсан үеийг 1924-1990 он цагт хамруулж үзэж болно. Парламентат ёсны төлөвшлийн үе гэдэгт 1990 оноос хойших үеийг хамруулж, Монгол Улсын парламентат ёсны үүсэл хөгжлийг ийнхүү гурван үндсэн үе шатанд хувааж болохоор байна. Харин 1990-1992 онд ажилласан Улсын Бага Хурал нь парламентат ёсны төлөвшлийн үндсийг тавьсан анхны парламент яах аргагүй мөн” хэмээн тодотгов.


МУБИС-ийн багш, доктор, дэд профессор Э.Гэрэлт-Од илтгэлдээ “Монгол Улс өдгөө парламентын ардчиллыг бэхжүүлэхэд ахиц дэвшил гаргасаар байна. УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентын төлөөлөх чадвар нэмэгдсэн. Олон намын төлөөлөл сонгогдсон, жендэрийн тэгш байдалд ахиц гарч, анх удаа үндэсний цөөнхийн эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөлтэй болсон. Цаашид УИХ гишүүдийг чадавхжуулах, парламентын ил тод байдлыг дэмжих, хяналтын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн парламентад итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн парламентын талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжиж, иргэний нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, улс төрийн нам, намын дотоод ардчиллыг бэхжүүлж, улс төрийн санхүүжилтийг ил тод болгоход анхаарах хэрэгтэй” гэлээ.


Монгол Улсад анх удаа 1990 оны долдугаар сард олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж, Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан юм. Энэхүү Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулснаас хойш өдгөө 35 жил болж байна. Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж үздэг.


УИХ-ын 9 дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламент өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй. Энэ удаагийн парламент 5 нам эвслийн төлөөллөөс бүрдэж байгаа ба эмэгтэйчүүдийн төлөөллийн хувиар Азид тэргүүлж, дэлхийн дундажид хүрсэн. Өдгөөгийн УИХ нь “Хүн төвтэй” үзэл санааг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч стратеги төлөвлөгөө батлан, “Гурван төгөлдөршил”-ийн бодлогод суурилан байнгын ажиллагаатай парламентын үйл хэргийг үргэлжлүүлж байгаа юм.


 

Холбоотой мэдээ