36 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД: Тяньжины уулзалт ба “Бээжин парад”
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хятадын боомт хот Тяньжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болж өндөрлөснийг өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал хэмээн онцолж байна. Тус уулзалтад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн нар, 20 гаруй олон улсын байгууллагын удирдагчид оролцов.
Дээд хэмжээний уулзалт буюу албан
ёсны нэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаас
2035 он хүртэлх ШХАБ-ын хөгжлийн стратегийн төлөвлөгөө ба Тяньжины тунхаглал
гэсэн хоёр үндсэн баримт бичгийг баталснаас гадна хэд хэдэн баримт бичигт гарын
үсэг зурлаа.
Тяньжины уулзалт дуусангуут
залгуулаад есдүгээр сарын 3-ны өдөр Хятад улсын нийслэл Бээжин хотноо “Хятадын
ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны болон фашизмыг эсэргүүцсэн
дайны ялалтын 80 жилийн ой”-д зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо. Энэ онд Дэлхийн
II дайн дууссаны 80 жилийн ойг дэлхий даяараа өргөн тэмдэглэж байгаа бөгөөд Бээжингийн
парад бол Ялалтыг тэмдэглэсэн хамгийн сүүлчийн ёслолын ажиллагаа юм.
Бээжингийн парадыг үзэж
сонирхохоор дэлхийн 26 улсын төр, засгийн тэргүүн нар тус хотод хуран цугларсны
дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн байлаа.
Украиныг дэмжихээ 26 улс илэрхийлжээ
ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулах саналыг 26 улс тавьсан бөгөөд АНУ ойрын өдрүүдэд үүнд нэгдэх эсэхээ шийднэ гэж Францын Ерөнхийлөгч Э. Макрон мэдэгдлээ. Украины асуудлаар энхийн хэлэлцээр байгуулсны дараа аюулгүй байдлын баталгааг бий болгох зорилготой “Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй орнуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа тэрбээр энэ мэдэгдлийг хийжээ.
Украинд баталгаа олгох журмаар тус улсын нутагт цэрэг оруулах, мөн газар, далай, агаарын орон зайд дэмжлэг үзүүлэхээ дээрх улсууд мэдэгдсэн байна.
Палестинчуудад виз олгохгүй
Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
ээлжит чуулган эхлэхийн өмнөхөн АНУ-ын эрх баригчид Палестины 80 албаны хүмүүст
виз олгохоос татгалзсан шийдвэр гаргажээ. Чуулганы үеэр Палестиныг тусгаар улс
хэмээн хүлээн зөвшөөрнө гэдгээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Их
Британи, Франц улсууд мэдэгдээд байгаа юм. Палестины албаны хүмүүсээс гадна
АНУ-д аялах гэж буй ихэнх палестинчуудад виз олгохгүй гэдгээ Америкийн эрх
баригчид мэдэгдсэн байна.
Тайландын шинэ ерөнхий сайд тодорлоо
Камбожийн ерөнхий сайд асан Хун
Сентэй утсаар ярих үеэрээ ёсзүйн хэм хэмжээг зөрчиж, алдаа гаргасан Тайландын Ерөнхий
сайд Пхетхонгтхам Чинаватыг тус улсын Үндсэн хуулийн цэц гаргасан байна. Үүний
дараа Тайландын хаан
Маха Вачиралонгкорн өөрийг нь томилохыг
зөвшөөрсний дараа Анутин Чарнвиракул Тайландын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ. Гол
сөрөг хүчин, парламент дахь хамгийн том нам болох Ардын нам дөрвөн сарын дотор
шинэ сонгууль зарлах нөхцөлтэйгөөр А.Чарнвиракулыг дэмжихийг зөвшөөрсөн
байна.
Индонезид өрнөсөн үймээн
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хууль тогтоогчдод олгох урамшууллыг нэмэгдүүлсний дараа Индонез улсад өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.Мөн өнгөрсөн пүрэв гарагт Индонезийн цагдаа нар 21 настай хүргэлтийн жолоочийг дайран хөнөөж буйг харуулсан дүрс бичлэг цацагдсаны дараа эсэргүүцлийн ажиллагаа улам даамжирчээ. Сүүлийн хэдэн арван жилд болоогүй үймээний үеэр 1200 гаруй баривчлагдсан байна. Жагсаал цуглааныг тараах үеэр 8 хүн амиа алдаж, 20 хүн сураггүй болжээ.
Алтны үнэ улам цойлсоор
Алтны үнэ түүхэнд анх удаагаа 3500
ам.доллароос давж, 3560 ам. долларт хүрсэн байна. Энэ сарын сүүлчээр АНУ-ын
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн мэдээлэл цацагдсаны дараа ханш
ийнхүү түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. Он гарснаас хойш үнэ нь 30 хувиар өссөнөөр
алт хамгийн ашигтай, найдвартай активуудын нэг болжээ.
Афганистанд хүчтэй газар хөдлөлт болжээ
9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө
болсон хоёр удаагийн газар хөдлөлт болон үүний дараах чичирхийллийн улмаас Пакистантай
хил залгаа Афганистаны Кунар, Нангархар мужуудад нийт 2200 гаруй хүн амиа алдсан
бөгөөд энэ тоо цаашид өсөж магадгүй гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн иргэд шаардлагатай бүх зүйлээр дутагдан гачигдаж байна. Учир нь, Афганистаныг “Талибан” хөдөлгөөнийхөн удирдаж буй
энэ үед АНУ-ын засаг захиргаа
Кабулд үзүүлэх тусламжаа хэдийн зогсоосон бол бусад улс орон тусламжаа танасан байна. Одоогийн
байдлаар, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг сар орчмын турш хооллоход
хүрэлцэхээр хэмжээний мөнгө үлджээ.
Ирэх долоо хоногийн гол үйл явдлууд:
- Норвегийн парламентын сонгуульд есдүгээр сарын 8-нд болно.
- Номхон далайн
арлын орнуудын форум есдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд болно.
- Зүүн Өмнөд Азийн
орнуудын холбооны /АСЕАН/ уулзалтууд есдүгээр сарын 8-12-ны
өдрүүдэд болно.
- НҮБ-ын Ерөнхий
Ассамблейн 80 дугаар чуулган есдүгээр сарын 9-нд эхэлнэ.
- Талбайн теннисний
Сан-Паулугийн нээлттэй тэмцээн есдүгээр сарын 8-нд эхэлнэ.
- Эмэгтэйчүүдийн
хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Ханжөү хотноо есдүгээр сарын
5-14-ны өдрүүдэд болно.
- Хөнгөн атлетикийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотноо есдүгээр сарын
13-нд эхэлнэ.