Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг үерийн эрсдэлтэй байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-03 12:46:10

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас ой хээрийн түймэр, үерийн эрсдэл, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар мэдээлэл өгөв.


Энэ үеэр ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа үерийн эрсдлийн үнэлгээг танилцуулсан юм. 


Тэрбээр мэдээлэлдээ, “Үерийн эрсдлийн үнэлгээгээр 21 аймгаас их 3, дунд 16, бага эрсдэлтэй 2 аймаг байгааг тодорхойлсон. Тухайлбал, Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймаг дунд, Дорнод, Архангай аймаг бага эрсдэлтэй байна. Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна.  Одоогоор 49 сумын 137.740 өрх айл үерт өртөх маш өндөр эрсдэлтэйг тооцооллоо. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэв.


Түүнчлэн он гарсаар  өнөөдрийн байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 50.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнөөдөр гэхэд нийслэлийн болон орон нутгийн онцгой байдлын 417 алба хаагч, 8 автомашин, 1 нисдэг тэргээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан 3 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж,  Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээлэв. 



.

 

Холбоотой мэдээ